Dark Light
Нийгэм | 2026-06-26

ОУ-ЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар хотноо 2026 оны 06 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ/FISU) Гүйцэтгэх хорооны хуралдаан зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан манай улсад хүрэлцэн ирсэн тус холбооны удирдлагуудыг өнөөдөр буюу 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын үеэр Сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсад оюутны спортын хөдөлгөөн эрчимтэй хөгжиж, тив, дэлхийн тэмцээн наадамд тамирчид амжилттай оролцож буйг онцлон, оюутны спорт нь их спортын суурь нөхцөлийг бүрдүүлж, олон шилдэг тамирчин төрөн гарах үндэс болдгийг тэмдэглэв.
 
ОУОСХ-ны Ерөнхийлөгч Леонц Эдер Монголын оюутны спортын холбоо (МОСХ) нь салбартаа шилдэг байгууллагуудын нэг гэдгийг дурдаад, төр засгаас тогтмол дэмжлэг үзүүлдэгт талархал илэрхийллээ.
 
Цаашид ОУОСХ-ны тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах, “Эрүүл кампус” төслийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг хэлж, Сайд Ж.Алдаржавхланг 2027 оны Дэлхийн оюутны Универсиад наадамд оролцохыг урив.
 
Уулзалтын төгсгөлд Сайд Ж.Алдаржавхлан төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай саатахыг хүсэж, ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
 
Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж буй ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хуралд тус хорооны 28 гишүүн болон 2027, 2029 оны Универсиад наадмыг зохион байгуулагч 70 гаруй төлөөлөгч оролцож байна. Энэхүү хурлаар дэлхийн оюутны спортод тулгамдаж буй асуудлууд, байгууллагын стратеги төлөвлөгөө, төсөв, арга хэмжээний хуваарийг хэлэлцэх юм. Түүнчлэн Ерөнхий Ассамблейн хурлаар батлах дүрмийн өөрчлөлт, цаашдын зорилтыг тодорхойлж, наадам зохион байгуулах орнуудын тайлан, төлөвлөгөөтэй танилцана.
 
Таван тивийн 167 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУОСХ нь Олон улсын олимпын хорооны дараа орох дэлхийн хоёр дахь том спортын байгууллага бөгөөд Монгол Улсыг төлөөлөн тус холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнээр МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан 2003 оноос хойш тасралтгүй сонгогдон ажиллаж байна. Манай улсын хувьд 1977 онд тус холбооны бүрэн эрхт гишүүн болсон бол 1989 онд Монголын оюутны спортын холбоо (МОСХ) байгуулагдан олон улсад эх орноо төлөөлөх болсон түүхтэй. Монголын баг тамирчид дэлхийн оюутны спортын зуны Универсиад наадамд 1965 оноос эхлэн оролцож, өнөөдрийн байдлаар 11 алт, 17 мөнгө, 32 хүрэл буюу нийт 60 медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16