Dark Light
Нийгэм | 2026-06-26

ҮАГ: СУРГАЛТ, СЕМИНАР, ХУРАЛ, ЗӨВЛӨГӨӨНД 77.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурал болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос өгсөн үүргийн дагуу Төрийн аудитын байгууллага төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд хийсэн судалгааны үр дүнгээ өнөөдөр (2026.06.26) танилцууллаа. Мэдээллийг Үндэсний аудитын газрын Бодлого, төлөвлөлт, инновацын газрын дарга Х.Баярмаа, Аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газрын захирал, Тэргүүлэх аудитор Ч.Цэвэгдорж нар өгсөн юм. Судалгаанд 41 төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа нийт 464 хуулийн этгээд хамрагдсанаас 110 нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, 354 нь орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллага байна. Эдгээр байгууллагын дийлэнх нь эрчим хүч, ус хангамж, бохир ус зайлуулах, уул уурхай, сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Судалгаагаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд нийт 46,327 ажилтан ажиллаж, 2025 онд цалин хөлс, түүнтэй адилтгах зардалд нийт 2.5 их наяд төгрөг зарцуулсан байна.  Үүнээс 349 удирдах албан тушаалтан 34.5 тэрбум төгрөг, 4,248 дунд шатны албан тушаалтан 280 тэрбум төгрөг, 41,730 гүйцэтгэх албан тушаалтан 2.2 их наяд төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах урамшуулал авсан байна. Мөн уул уурхай, эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин бусад салбараас өндөр, нийтийн үйлчилгээний салбарынх хамгийн бага байгааг судалгаа харуулжээ. Мэдээллийн үеэр сард 10 сая төгрөгөөс дээш хэмжээний цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин хөлс, түүнтэй адилтгах орлого харилцан адилгүй байгаад бодлогын судалгаа хийж, нэгдсэн бодлого зохицуулалт шаардлагатай байгаа талаар танилцууллаа.

Харин орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 354 байгууллагад нийт 21,174 ажилтан ажиллаж, 608 тэрбум төгрөгийн цалингийн зардал гаргасан байна. Судалгаагаар ашигтай ажилласан гэж бүртгэгдсэн 171 байгууллагын зарим нь орон нутгийн төсвөөс 961 сая төгрөгийн татаас авсны үндсэн дээр ашигтай ажилласан гэж судалгааны дүн гарчээ. Судалгаанд төрийн өмчийн түрээсийн асуудлыг мөн хамруулсан байна. Үүнд төрийн байгууллагууд нийт 1,139 гэрээгээр 81.1 мянган м/кв талбай түрээслүүлж, 11.1 тэрбум төгрөгийн орлогыг өөрийн орлогоор төвлөрүүлсэн. Харин бусдын өмчийг түрээслэхэд зориулж 700 гэрээгээр 162.9 мянган м/кв талбайд 36.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ нь төрийн өмчийг түрээслүүлж олсон орлогоос бусдаас түрээслэхэд зарцуулж буй зардал хэд дахин өндөр байгааг харуулж байна. Мөн 2025 онд 54 төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа 411 байгууллага хэвлэл мэдээллийн үйлчилгээний гэрээнд түүвэр судалгаа хийхэд нийт 22.3 тэрбум төгрөг, сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах 18,100 арга хэмжээнд 77.5 тэрбум төгрөг тус тус зарцуулжээ. Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд төрийн салбарын бодлогын хэрэгжилтэд оруулах гүйцэтгэлийн гол үзүүлэлтээ  тодорхойлж,  үр дүн үзүүлсэн бодлогын ахицыг харуулах ёстой гэдгийг онцоллоо.  Мөн хүрсэн түвшин, гаргасан зардлын үр өгөөжийг дараа дараагийн судалгаанд ахиулж үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн талаар дурдлаа. Тиймээс энэхүү судалгааг нэг удаагийн ажил бус, цаашид төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, зардлын талаарх өгөгдөл цуглуулж, их өгөгдлийн дүн шинжилгээ хийхээр ажиллаж байгаагаа  Төрийн аудитын байгууллагын төлөөлөл мэдэгдэв. 


Эх сурвалж | Үндэсний Аудитын Газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16