Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.06.26) Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг тус тус хүлээн авч уулзлаа.

Эдгээр холбоодоос эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт (тариф)-ын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцад салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх болон бусад асуудлаар шаардлага тавьж, тохиролцоонд хүрээгүйн улмаас ажил хаялт зохион байгуулах тухай мэдэгдэл гаргасан.
Талууд уг асуудлыг шийдвэрлэх арга зам, боломжийн тухайд санал солилцов.
Холбоодын зүгээс цалин хөлсийг үе шаттайгаар 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлээд, үр дүнгийн нэмэгдлийг бууруулах замаар үндсэн цалинг өсгөх тохируулга хийх, цалингийн ялгавартай байдлыг өөрчлөх гэхчлэн саналууд дэвшүүллээ.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Энэ салбарын цалин үнэлэмжийг нэмэх ёстой гэдэгт санал нэг байгаа. Нэг удаа нэмээд өнгөрөх биш, тогтолцоог нь өөрчлөх шаардлагатай. Цалингийн тогтолцоо шударга биш байгаа нь үнэн. Үндсэн цалин, урамшуулал нэмэгдлийн харьцаа болон орон тоо, бүтэц зөв байх ёстой. Бодлогын 139 шинэчлэлийн нэг гол цөм нь хүний нөөцийн асуудал. Ажлын хэсэг шинээр байгуулсан. Цалингийн системийг өөрчлөхөд та бүхэн хамтарч ажилламаар байна. Шинэ залуу ажилтнуудыг тогтоон барих, ачаалал ихтэй мэргэжилтний цалинг нэмэгдүүлэхэд хамтарч судлан, хэлэлцвэл шийдвэр илүү оновчтой байх болов уу. Бидний хийж буй бүх ажил энэ салбарын 17,800 хүний төлөө юм. Хүнээ боддоггүй салбар хөгждөггүй” гэлээ.
Шаардлага, асуудлыг шийдвэрлэхэд үйлдвэрчний эвлэлийн холбоодтой цаг алдалгүй хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа салбарын сайд илэрхийллээ.
АДМИН







Нийгэм






