Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр санаачлан Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслүүд болон “Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, мега төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг батлуулсан.
Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг, гишүүнээр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Ж.Батбаясгалан, Д.Бадарсан, О.Зундуйдорж, Б.Мөнхбат, Б.Мөнхбаатар, З.Төмөртөмөө, Ц.Төрхүү, Б.Хуягбаатар болон нарийн бичгийн даргаар Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Хууль эрх зүй, хуралдааны хэсгийн дарга Г.Батжаргал нар ажиллаж байгаа юм.

Тус ажлын хэсэг өнөөдөр /2026.06.26/ хуралдлаа. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Ч.Батзориг “Ажлын хэсэг чиг үүргийн дагуу мега төслүүдийг эрэмбэлэх, шинэчилсэн жагсаалтын төслийг боловсруулж, Нийслэлийн ИТХ-д танилцуулж байх юм. Гол зорилго нь, төсөл хөтөлбөрүүдийг ямар нэг байдлаар зогсоох, хасах, танахдаа биш харин тулгамдсан асуудал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгийг хамтдаа хэлэлцэж, гарц шийдэлд хүрэх юм. Мөн төлөөлөгчдөөс тойргийн сонгогчид нь нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт, хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажлын, явцын талаар ил тод, үнэн бодит мэдээлэл авахыг хүсч байна” хэмээн тодотгосон.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт,
- Нийслэлийн Замын хөгжлийн газар
- Хүннү хотын захирагчийн ажлын алба
- “Хүннү хотын хөгжлийн корпораци” ХХК
- “Дулааны V цахилгаан станц” ОНӨААТҮГ
- “Сэлбэ 20 минутын хот” ХХК
- “Эмээлт Эко аж үйлдвэрийн парк” ХК
- “Улаанбаатар түншлэл төв” ХХК
- “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК
- “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ гэсэн есөн байгууллага, холбогдох албаны хүмүүс оролцож, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, ажлын явцын талаар танилцууллаа.
Тухайлбал, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй “Дулааны V цахилгаан станц”-ын EPC нийт гүйцэтгэл 21,7 хувьтай, үүн дотор гүйцэтгэлийн зураг төслийн явц 35 хувьтай, худалдан авалт, үйлдвэрлэл 50 хувь, барилга угсралт 5 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна.
“Хүннү хот” төслийн хувьд өнөөдрийн байдлаар 253.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл арга хэмжээг хэрэгжүүлж, дэд бүтцийн эх үүсвэрийн ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрснийг “Хүннү хот”-ын Захирагчийн үүргийг хэрэгжүүлэгч М.Батбаяр танилцуулсан.
Тэрбээр, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/828 дугаар захирамжаар “Хүннү хот”-ын хөгжлийн корпорациас хэрэгжүүлж буй “Хүннү хотын дулааны цахилгаан станц”-ын төсөлд бүрэн шинжилгээ хийх, түншлэлийн эх төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг ТЭЗҮ-г тодотгох бусад арга хэмжээний нарийвчилсан уялдааг хангах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэлээ.
Ажлын хэсгийн ахлагч Ч.Батзориг зарим төслийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, цаасан дээрх тооцоо нь, одоогийн худалдааны зах зээл дээрх ханшаас илт хол зөрүүтэй байгааг дурьдаад дараагийн хэлэлцүүлэгт төслүүдийн санхүүг илүү бодит үнэлгээн дээр нарийвчилсан тооцоо хийж танилцуулахыг сануулсан юм.




АДМИН







Нийгэм






