Өнөөдөр /2026.06.27/ Дотоод хэргийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн баярын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Засгийн газрын агентлагууд, ҮБХИС, ДХИС-ийн удирдлагын төлөөлөл, төгсөгчид, төгсөгчдийн гэр бүлийн төлөөлөл оролцлоо.
2025-2026 оны хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийг магистрын 4 хөтөлбөрийн 21, Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Шинжлэн магадлах ухааны сургуулийг бакалаврын 12 хөтөлбөрийн 455 сонсогч, суралцагч төгсөж байна.
Ёслолын үеэр төгсөгчдөд “Сургууль төгсгөж, боловсролын зэрэг эзэмшүүлэх тухай” ҮБХИС, ДХИС-ийн захирлуудын тушаал, “Цэргийн цол олгох тухай” Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн цэргийн байгууллагууд, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын даргын тушаалыг уншиж танилцууллаа. Үүний дараа төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төгсөгчдөд хандан баяр хүргэж үг хэллээ. Тэрээр эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдал, улс орон ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө зүтгэхээр тангараг өргөн сэтгэл шулуудаж, сургуулиа амжилттай төгсөж байгаа сонсогч, суралцагчдад болон гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
АДМИН







Нийгэм





