Dark Light
Нийгэм | 2026-06-28

НҮБ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ АЛАГЧЛАХ БҮХ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР СОНГОГДОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хороо (Committee on the CEDAW)-ны 2027-2030 оны гишүүний сонгууль Нью-Йорк хотноо 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Уг сонгуульд Монгол Улс жендерийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанаагийн нэрийг дэвшүүлэн ажиллав.
Тус сонгуульд 12 суудлын төлөө манай улсаас гадна Азербайжан, Албани, Антигуа Барбуда, Бенин, Буркина Фасо, Габон, Египет, Испани, Канад, Куба, Мексик, Мозамбик, Намиби, Нигери, Нигер, Өмнөд Африк, Уганда, Шри Ланка, Эстони зэрэг 20 улс нэрээ дэвшүүлэн өрсөлдөв. Манай нэр дэвшигч 136 санал авч амжилттай сонгогдов.
Тус хороо нь 23 гишүүнтэй ба 3 жилийн хугацаатай сонгогдон ажилладаг. Монгол Улс уг хороонд ажилласнаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах, улмаар нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Дашрамд дурдахад, Монгол Улс НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах конвенцод 1979 онд нэгдэн орсон бөгөөд жендерийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанаа нь Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Л.Идэр агсны дараа Монгол Улсаас тус Хороонд ажиллах хоёр дахь хүн болж байгаа юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16