Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр”-ийн төслийн хөрөнгө оруулагч NFC компанитай хийх албан ёсны хэлэлцээ эхэлж, талууд анхны цахим уулзалтаа зохион байгууллаа.
Уулзалтаар төслийн хэрэгжилтийг тодорхойлох үндсэн асуудлууд болох:
- Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бүтэц
- Хувьцаа эзэмшлийн зарчим
- EPC (зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ)
- Хэрэгжүүлэх хугацаа, үе шат
- Засаглал, хяналтын тогтолцоо
- Монгол ажиллах хүч, технологи дамжуулах асуудал
- Төлбөрийн нөхцөл
- Эрсдэлийн хуваарилалт зэрэг асуудлыг хэлэлцэж, хөрөнгө оруулагч талд найман бүлэг бүхий нэмэлт тодруулга хүргүүллээ.
Монголын тал төслийг Монгол Улсын хууль тогтоомжид бүрэн нийцүүлж, үндэсний эрх ашиг, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг баримтлан хэрэгжүүлэх байр сууриа илэрхийллээ.
Цаашид талууд ТЭЗҮ, санхүү, хууль эрх зүй, инженерчлэлийн чиглэлээр үе шаттай хэлэлцээг үргэлжлүүлнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор:
- Зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулна.
- Нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
- Экспортын орлого, валютын урсгал нэмэгдэнэ.
- Шинэ үйлдвэр, өндөр бүтээмжтэй ажлын байр бий болно.
- Монгол инженер, мэргэжилтнүүдийн мэдлэг, технологийн чадавх шинэ шатанд хүрнэ.
- Үндэсний баялгийн сангийн орлого нэмэгдэж, иргэдэд хүртэх баялгийн өгөөжийг өсгөх суурь бүрдэнэ.
Энэхүү төсөл нь Монгол Улс түүхий эд экспортлогчоос нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс болох бодит алхам юм.
Анхны цахим уулзалтад “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Цолмон, Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл оролцлоо.
АДМИН






Нийгэм




