“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын форум-2026” өнөөдрөөс эхлэн хоёр өдрийн турш Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Форумд оролцож буй олон орны төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид болон дотоодын бизнес эрхлэгчдэд хандан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат үг хэлснийг хүргэж байна.
Хүндэт зочид төлөөлөгчид өө!
Эрхэм хамтран ажиллагч түншүүд ээ!
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын форум”-д хүрэлцэн ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнөөдрийн форум бол зөвхөн хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулах арга хэмжээ биш юм. Энэ бол төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, хөгжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг дараагийн шатанд гаргах хамтын зорилгын эхлэл юм.
Дэлхий нийт тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, ногоон хөрөнгө оруулалтыг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж буй энэ үед Монгол Улс байгалийн цэвэр эко орчин, өргөн уудам бэлчээр, органик үйлдвэрлэлийн боломж, уламжлалт мал аж ахуйдаа тулгуурлан дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой улс юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын уламжлалт эдийн засгийн тулгуур салбар бөгөөд хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахын зэрэгцээ боловсруулах үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангаж, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүч болсоор байна.
2025 оны жилийн эцсийн байдлаар тус салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 34 хувь, экспортын орлогын 5 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангаж байна. Энэ нь манай салбар ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх өндөр боломжтойг харуулж байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох "Алсын хараа-2050"-д "дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхтай, олон тулгуурт эдийн засагтай улс болно" хэмээн тодорхойлсон. Энэхүү зорилгын хүрээнд хөдөө аж ахуйн салбарт түшиглэсэн хүнс, хөнгөн, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон тусгасан нь манай салбарын хөгжлийн үндсэн бодлого болж байна.
Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, зах зээлийг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор энэхүү форумыг зохион байгуулж байна.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Франц, Бельги, Болгар, Польш, Итали, Турк, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамд болон нийт хөгжлийн түншүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм хөрөнгө оруулагчид аа,
Монгол Улс өнөөдөр 58.1 сая толгой малтай, 1.2 сая га тариалангийн талбайтай бөгөөд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн арвин нөөцтэй орон юм.
2025 оны байдлаар: 699.9 мянган тонн мах, 295.4 мянган тонн сүү,12.7 сая ширхэг арьс шир, 23.7 мянган тонн хонины ноос, 8.8 мянган тонн ямааны ноолуур, 294.5 мянган тонн үр тариа, 114.1 мянган тонн төмс, 239.8 мянган тонн хүнсний ногоо бэлтгэн үйлдвэрлэсэн байна.
Харин улсын аж үйлдвэрлэлийн статистик мэдээнээс үзэхэд уул уурхайн олборлолт 70 гаруй хувийг эзэлж, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 12.5 хувийг л эзэлж байна. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйгаас бэлтгэж, үйлдвэрлэх боломжтой нийт бүтээгдэхүүн, түүхий эдийн ашиглалт, нэмүү өртөг шингээх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр хангалтгүй байгааг илэрхийлж байгаа хэрэг юмаа.
Хөдөө аж ахуйн салбарын түүхий эд, бүтээгдэхүүнээс гадаадын зах зээлд 2025 онд 85.5 мянган тонн мах худалдаалсан ба 2026 оны эхний 4 сарын байдлаар нийт 10.9 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг 44.2 сая ам доллароор экспортлоод байна. Энэ нь нийт мах үйлдвэрлэлийн 12.2 хувийг л эзэлж байна.
Энэ боломжийг бодит эдийн засгийн үр өгөөж болгон хувиргахын тулд боловсруулах үйлдвэрлэл, агуулах, ложистик, хүйтэн хэлхээ, лаборатори, инноваци, дэвшилтэт технологи, сэргээгдэх эрчим хүч, усны хэмнэлттэй үйлдвэрлэлийн чиглэлд томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байна.
Иймээс бид зөвхөн хөрөнгө бус, мэдлэг, технологи, менежмент, олон улсын зах зээлд нэвтрэх туршлагыг хамтад нь авчрах урт хугацааны түншлэлийг эрхэмлэж байна.
Хүндэт форумд оролцогчдоо
Монгол Улсын Засгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам нь салбарын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах, бизнес эрхлэгчдэд ээлтэй байлгах, гадаадын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байгааг дуулгахдаа таатай байна.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжтэй салбарын яамнаас байгуулж буй бодлогын гэрээг хөнгөвчилж, экспортын бараанд олгодог тохирлын гэрчилгээг ачилт бүрт бус, жилд нэг удаа олгосноор аж ахуйн нэгжийн цаг, зардлыг хэмнэх, мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн давхардсан хянан магадалгааг хийхгүй байх замаар хяналтын давхардлыг арилгаснаар шуурхай үйлчилгээний тогтолцоонд шилжүүллээ.
Экспортыг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх, хил дамнасан худалдаанд шаардагдах баримт бичгийг үе шаттайгаар цахимжуулж, хөрш орнуудтай харилцан хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарах, хяналт шалгалтыг бууруулах, давхардлыг арилгах, экспортлогч аж ахуйн нэгжийн цаг, зардлыг хэмнэх, шуурхай үйлчилгээний тогтолцоонд шилжүүлэх зэрэг арга хэмжээг авахаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тогтвортой байдлыг хангах ажлын байрыг хадгалж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зарим зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх хугацааг сунгах арга хэмжээг Засгийн газрраас хэрэгжүүлж байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг салбарын хэмжээнд нарийвчлан зохицуулж, дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зарим шийдвэрийг гарган ажиллаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт тусгай зөвшөөрөлтэй эрхэлж буй үйл ажиллагаанд зөвшөөрлийг олгох, сунгах үйл явцад хуульд заагаагүй тохиолдолд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт шаардахгүй байх замаар бизнесийн орчныг сайжруулах зохицуулалт хийлээ. Ингэснээр экспортын үйл ажиллагаа илүү хялбар, шуурхай болж, аж ахуйн нэгжүүдийн зардал буурч, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэн, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадвар сайжрах бодит боломж бүрдлээ.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж салбарын зах зээлийг тэлэх үүднээс Бүгд Найрамдах Хятад Ард Улстай адууны дайвар бүтээгдэхүүн, зарим нэр төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох үеийн хорио цээрийн протоколд талууд гарын үсэг зурж баталгаажууллаа. Ингэснээр малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын нэр төрлийг нэмэгдүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад адууны дайвар бүтээгдэхүүн экспортлох нөхцөлийг бүрдүүллээ.
Төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын зарчмыг тодорхойлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төрөлжилт, өртгийн сүлжээний нэгдмэл, цогц байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Хөдөө аж ахуйн тухай хуулийг санаачлан Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар эцэслэн батлууллаа. Уг хуулинд хөдөө аж ахуйн үзүүлэх төрийн дэмжлэгийг баталгаажуулан сум бүрт хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн төв”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр байгуулж, үйл ажиллагааг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэхэр хуульчлан баталгаажуулсанаараа онцлогтой байлаа.
Цаашид салбарын үйлдвэрлэл, худалдаа, экспортыг дэмжих чиглэлд зөвхөн зээл, дэмжлэгт тулгуурлах бус, салбарын дотоод нөөц бололцоог бүрэн ашиглаж, шинэ тутам хөгжиж буй “карбоны зах зээл” зэрэг боломжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн дэлхийн зах зээл дээрх хямд эх үүсвэртэй санхүүжилтийг хөдөө аж ахуйн салбарт татах нь чухал гэж үзэж байна. Ийнхүү шинэлэг боломжийг төрийн зүгээс дэмжиж, бодлого, үйл ажиллагааны процесийг нээлттэй хөгжүүлэх нь хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад бодит боломж болох болно гэдэг итгэлтэй байна.
Эрхэм хөрөнгө оруулагчид аа,
Монгол Улс бол зөвхөн өнөөдрийн боломж биш, ирээдүйн өсөлтийн зах зээл юм. Засгийн газар манай яам хөрөнгө оруулагч бүрийг урт хугацааны түнш гэж үзэж, бодлогын тогтвортой, ил тод орчныг бүрдүүлэхэд тууштай ажиллах болно.
Өнөөдрийн форум шинэ түншлэл, шинэ хөрөнгө оруулалт, шинэ хөгжлийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.
Форумын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
АДМИН





Нийгэм





