Өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 30-ны 08:00 цагаас эхлүүлэхээр товлоод байсан эрчим хүчний салбарын ажил хаялтыг 48 цагийн хугацаатай түр хойшлууллаа.
Энэ талаар Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Ажил хаялт зохион байгуулах түр хорооноос мэдээлэв.
Тус холбооноос мэдээлснээр, Эрчим хүчний яам болон ажил олгогчийн төлөөлөлтэй хийсэн уулзалтаар эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг 2026, 2027 онд үе шаттайгаар нийт 30 хувиар нэмэгдүүлэх тодорхой санал гаргаж, талууд хэлэлцээг эхлүүлэх боломж бүрдсэн байна. Үүнтэй холбоотойгоор ажил хаялтыг 48 цагаар түр хойшлуулах шийдвэр гаргажээ.
Гэхдээ хөдөлмөрийн маргаанд хүргэсэн 2026-2027 оны хамтын (тарифын) хэлэлцээрийн цалин хөлсний бүлэгт хамаарах зарчмын зөрүүтэй 12 заалтын талаар 48 цагийн дотор зөвшилцөлд хүрч, хэлэлцээг амжилттай дуусгаж чадахгүй бол ажил хаялтыг дахин эхлүүлэхээ мэдэгдсэн байна.
Тодруулбал, дээрх хугацаанд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд эрчим хүчний салбарын хэмжээнд ажил хаялт 2026 оны долдугаар сарын 2-ны өдрийн 08:00 цагаас эхлэхээр болжээ.
|
Эх сурвалж
| Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
|
Б.АМАРТҮВШИН






Нийгэм






