Монгол Улс, Япон Улс Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээнд Хамтарсан кредит олгох механизм (JCM)-аар бий болсон кредитийг олон улсад шилжүүлэн тооцсон ялгарлын бууралтын үр дүн буюу ITMO болгон ашиглах зөвшөөрлийн албан бичгүүдийг баталгаажууллаа. Ингэснээр манай улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг албан ёсоор эхлүүлж байгаа юм.
Монгол-Японы Хамтарсан кредит олгох механизмын хоёр талын Хамтарсан хорооны VIII хурлаар сэргээгдэх эрчим хүчний дөрвөн төслөөс Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд буюу 2021 оноос хойш бий болж, хэмжиж, тайлагнан, нотолсон ялгарлын бууралтад үндэслэн нийт 214,040 тонн СО2-той дүйцэх хэмжээний кредит олгохоор шийдвэрлэв.
Кредит хуваарилалт:
Монголын талд: 127,476 кредит
Японы талд: 86,564 кредит
Японы талд хуваарилсан 86,564 кредитийг Монгол Улсын анхны ITMO болгон зөвшөөрч, олон улсад шилжүүлэх үйл явцад хамруулна.
Зөвшөөрлийн албан бичигт Монголын талаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, Японы талаас Япон Улсын Байгаль орчны яамны Даян дэлхийн байгаль орчны товчооны Нүүрстөрөгчгүй хөгжил болон тогтвортой дэд бүтцийн шилжилтийн олон улсын хамтын ажиллагааны албаны Дэд захирал КҮДО Шүнсүкэ нар гарын үсэг зурлаа.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан 4 төсөл:
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрших 12.7 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл (MN003);
Дархан хотын 10 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл (MN004);
Төв аймгийн Сэргэлэн сумд байрших 15 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл (MN006);
Завхан аймагт хэрэгжүүлж буй 5 МВт-ын нарны цахилгаан станцын системийг 3.6 МВт·ц батарей хуримтлуурын системтэй хослуулсан төсөл (MN007).
Эдгээр төсөл нь нийт 42.7 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд жилд 60 гаруй сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоотой. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг Төвийн бүсийн болон Алтай-Улиастайн эрчим хүчний системд нийлүүлж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.







Нийгэм






