Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Хуралд баяр наадмын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Урлаг соёлын арга хэмжээний салбар хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга, Урлаг соёлын арга хэмжээний салбар хорооны орлогч дарга Г.Батхуяг болон “нээлт, хаалт”, оройн тоглолтын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагч, МУУГЗ Д.Баярбаатар нар оролцож, бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгөв.
Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын соёл урлагийн тоглолтод мэргэжлийн урлагийн байгууллагууд, хувийн студи, продакшн болон чөлөөт уран бүтээлчдээс бүрдсэн 2000 гаруй уран бүтээлч оролцож байна. Мөн зохион байгуулах арын албанд 500 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд нийт 2500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэл сургуулилтыг баталсан хуваарийн дагуу Төв цэнгэлдэх хүрээлэнд хийж байна.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх гадаадын жуулчид болон наадамчин олонд зориулан нийт 14 соёл, урлагийн томоохон арга хэмжээ зохион байгуулагдана.
07 дугаар сарын 08-15-ны өдөр
Монголын уран зургийн галерейн Их танхимд
- “Монгол бахархал- Монгол адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэн
07 дугаар сарын 09-20-ны өдөр
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд
- “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн
07 дугаар сарын 09-ний өдөр
Д.Сүхбаатарын талбайд
- “Дээлтэй монгол” үндэсний хувцасны наадам
07 дугаар сарын 10-ны өдөр
Нийслэлийн Соёлын төв өргөөнд
- “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” Хүндэтгэлийн концерт
07 дугаар сарын 11-ний өдөр
Төв цэнгэлдэх хүрээлэнд
- “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ НААДАМ” Баяр наадмын нээлтийн арга хэмжээ
- “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ НААДАМ” үдшийн тоглолт арга хэмжээ
07 дугаар сарын 11-ний өдөр
Д.Сүхбаатарын талбайд
- -“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн
07 дугаар сарын 11-12 -ны өдөр
Хүй долоон худагт
- “Соёлын наадам”
07 дугаар сарын 12-ны өдөр
Төв цэнгэлдэх хүрээлэнд
- “Баяр наадмын хаалтын арга хэмжээ”
07 дугаар сарын 13-ны өдөр
Хүй долоон худагт
- “Дэлхийн адууны өдөр- Уяачдын наадам”
Энэ жилийн баяр наадмын онцлох арга хэмжээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Адууны соёл, нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилго бүхий 07 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
АДМИН





Нийгэм






