Dark Light
Нийгэм | 2026-06-30

ХСҮТ-Д ОНОШИЛГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн Буцалтгүй тусламжийн солилцох ноот бичиг болон Хэлэлцээний тэмдэглэлд өнөөдөр /2026.06.30/ Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд З.Мэндсайхан, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар гарын үсэг зурлаа.
Буцалтгүй тусламжийн гэрээг Сангийн сайд З.Мэндсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ нар үзэглэв.
Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улсад халдварт бус өвчин, тэр дундаа хорт хавдрын өвчлөл жилээс жилд өсөх хандлагатай байгааг тодотгож, уг асуудлыг шийдвэрлэхэд буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхээр болсон Япон Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-д талархал илэрхийллээ.
Түүнчлэн ХСҮТ-ийн оношилгоо, эмчилгээний чадавх нэмэгдэж, өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх боломжийг бүрдүүлж байгаад баяртай байна гэв. Үүнийг дагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Япон Улсын Засгийн газрын 980 сая иен буюу 21.9 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжих энэ төслийн хүрээнд хорт хавдрын чиглэлээрх улсын хэмжээний мэргэшсэн лавлагаа эмнэлэг болох Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэн, компьютер томограф, рентген, маммограф, хэт авиан оношилгооны төхөөрөмж, өвчтөний хяналтын монитор зэрэг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16