Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өнөөдрийн \2026.07.01\ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
Монгол Улс Галт зэвсгийн тухай хуулийг 2001 онд анх баталж, улмаар 2015 онд шинэчлэн найруулснаас хойш 10 гаруй жил мөрдөн хэрэгжүүлж байна. Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 52,324 галт зэвсэг бүртгэлтэй байгаагаас 50,627 галт зэвсгийг иргэн, 1,697 галт зэвсгийг хуулийн этгээд эзэмшиж байна.
Мөн спорт-сургалтын зориулалтаар 2,521, харуул хамгаалалтын зориулалтаар 1,103, үзмэр, цуглуулгын зориулалтаар 595 галт зэвсэг цагдаагийн байгууллагын бүртгэлийн санд бүртгэлтэй байна.
Улсын хэмжээнд жилд дунджаар 1,500 орчим галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд шинээр худалдан авч өмчилж, эзэмшиж байгаа бол галт зэвсэг ашиглан спорт-сургалтын чиглэлээр 9 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж, жилд давхардсан тоогоор 1,000 гаруй хүн тогтмол хичээллэж, улсын хэмжээний 10 гаруй тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан хүний аюулгүй байдлыг хангах, иргэнийг гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах зорилт, мөн Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан орон нутгийн хамгаалалт, олон нийтийн аюулгүй байдал, хууль сахиулах болон үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг дэмжих бодлогын чиглэлтэй уялдуулсан.
Хуулийн төсөлд спорт-сургалтын зориулалттай буудлагын үйл ажиллагаа, тирийн аюулгүй байдлын шаардлага, галт зэвсэг, сум худалдах төв, импортлогч, үйлдвэрлэгч, борлуулагчид тавих нөхцөл, хяналтын зохицуулалтыг мөн тусгасан байна. Түүнчлэн, бүртгэлгүй галт зэвсгийг тодорхой хугацаанд нөхөн бүртгүүлэх шилжилтийн зохицуулалтыг тусгаж, далд эргэлтэд байгаа галт зэвсгийг хууль ёсны бүртгэлд хамруулах боломжийг бүрдүүлэх юм.
АДМИН






Нийгэм






