Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран “Аюулгүй орчин – Чанартай барилга” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нар оролцож, боловсролын байгууллагын барилга байгууламжийн эрүүл ахуй, дотоод орчны агаарын чанар, засвар үйлчилгээний стандарт, хяналтын тогтолцоог сайжруулах асуудлаар санал солилцов.
Хэлэлцүүлгээр 2023 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар баталсан боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын засварт эрүүл ахуйн шаардлага хангасан тосон болон усан суурьтай будаг ашиглах, түүнд хяналт тавих, хүлээн авах журмын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв. Мөн сургуулийн дотоод орчны агаарын чанартай холбоотой тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, анги танхимын агаарын чанарын мониторингийн үр дүн, боловсролын барилга байгууламжид мөрдөх эрүүл ахуйн стандартын хэрэгжилт, сургуулийн их болон урсгал засварт тавих эрүүл ахуйн хяналтын талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд илтгэл танилцууллаа. 
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Хүүхдийн сурч, хөгжиж буй орчин эрүүл, аюулгүй байх нь тэдний эрүүл мэндийг хамгаалах үндсэн нөхцөл бөгөөд дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, барилгын материалын эрүүл ахуйн шаардлагыг хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тодотгов. Тэрээр Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны үнэлгээгээр Улаанбаатар хотын зарим сургууль, цэцэрлэгийн анги, танхим дахь PM2.5 тоосонцрын 24 цагийн дундаж агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс 3.3–5.6 дахин, Монгол Улсын стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.7 дахин өндөр гарсныг дурдаж, боловсролын байгууллагын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ. Мөн импортын зарим барилгын материал, тавилга, цавуу, лак, будгаас ялгардаг дэгдэмхий органик нэгдлүүд дотоод орчны агаарын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцолж, энэ хүрээнд батлагдсан “Дотор орчны агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” MNS 7106:2026 стандартыг бодитой хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, хяналт, санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид боловсролын байгууллагын барилга байгууламжийн чанар, эрүүл ахуйн стандартыг бодитоор хэрэгжүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, дотоод орчны агаарын чанарыг тогтмол үнэлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
АДМИН






Нийгэм






