Dark Light
Нийгэм | 2026-07-02

МАРШ ТАКТИКИЙН ҮЕЭР ЦЭРГҮҮД ОСЛОЛДОЖ, НАЙМАН УДИРДЛАГЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Марш тактикийн тэмцээний үеэр хоёр цэрэг машинд дайруулсан осол гарчээ. Албаны шалгалтаар үүнийг хариуцлага алдсан, санамсар болгоомжгүй байдлаас үүдсэн гэж дүгнэн, тэмцээнийг удирдаж байсан 8 албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Ийнхүү ЗХЖШ-аас мэдэгдэл хийснийг хураангуйлан хүргэж байна.

Ж.Өсөхбаяр: 

- 2007 оноос хойш зохион байгуулагдаж буй Төрийн цэргийн байгууллагуудын марш тактикийн тэмцээний үеэр Зэвсэгт хүчний ангийн хоёр байлдагч харамсалтайгаар гэмтсэн. Тухайн үед эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлсний дүнд өнөөдрийн байдлаар нэг байлдагч жагсаалдаа орж, албаа үргэлжлүүлж байна. Нөгөө байлдагч маань хэвлийн гэмтэл авч мэс засалд орсон бөгөөд биеийн байдал нь харьцангуй сайжирч, өдгөө Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэрээр одоогоор бусдын тусламжгүйгээр босож явах, хооллох боломжтой болсон.

Бидний зүгээс албаны шалгалт явуулж, хариуцлага алдсан, санамсар болгоомжгүй байдлаас үүдэж осол гарсан гэх дүгнэлтэд хүрсэн. Удирдамжийн дагуу гардан тулааны зохиомж үзүүлэх ёстой байсан ч, тухайн ангийн баг тамирчид террорист бүлэглэлтэй тэмцэх, объект чөлөөлөх ажиллагааг үзүүлэх явцдаа машинд дайруулсан осол гарсан юм. Осол гаргасан бие бүрэлдэхүүнийг Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгаж байна. Уг үйл явдалд долоон сар алба хаасан, байлдааны техник бүрэн эзэмшсэн цэргүүд оролцсон. Тэмцээнийг удирдаж, тухайн цэг дээр ажиллаж байсан, ажлын хариуцлага алдсан удирдлагын найман цэргийн албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх зэргээр шат шатны хариуцлага тооцоод байна.





Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16