Dark Light
Нийгэм | 2026-07-02

АХМАД ЗҮТГЭЛТЭН Н.МЭРГЭШИРТ СҮХБААТАРЫН ОДОН ГАРДУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнагдсан Улаанбаатар төмөр замын ахмад ажилтан, Монгол Ардын Намын ахмад зүтгэлтэн Нямжавын Мэргэширт Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл биеийн байдлыг нь харгалзан гэрт нь хүрэлцэн очиж, төрийн дээд шагналыг гардуулан, хүндэтгэл үзүүллээ.
Н.Мэргэшир нь 18 насандаа Монгол Ардын Намын эгнээнд элсэж, намын үзэл үнэт зүйлд үнэнчээр зүтгэн, амьдралынхаа ихэнх хугацааг улс орон, төмөр замын салбарын хөгжилд зориулсан ахмад зүтгэлтэн юм.
Тэрээр Улаанбаатар төмөр замын намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар 16 жил тасралтгүй ажиллаж, намын байгууллагыг бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, хамт олны эв нэгдлийг хангах, залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулжээ.
Түүнчлэн 1963 оноос төмөр замын салбарт ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, үйлдвэрлэлийн удирдлага, хөдөлгөөний аюулгүй байдал, техник, технологийн шинэчлэл, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр олон арван жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд Төмөр замын техникумын захирлаар ажиллахдаа сургалтын чанар, материаллаг баазыг бэхжүүлэхэд онцгой анхаарч, салбарын олон мянган мэргэжилтэн бэлтгэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Шагнал гардуулах үеэр Л.Дашдэмбэрэл түүний нам, төр, төмөр замын салбарын хөгжилд зориулсан олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэн, МУ-ын Ерөнхий сайдын гарын бэлгийг гардуулж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Эх сурвалж | Монгол ардын нам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16