Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан хандлагатай байсан ба дээрх голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-50 см бага харин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд голын хувьд 2025 оны мөн үеийнхээс 20-35 см ахиу түвшинд байсан байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Гичгэнэ, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй хэлбэлзэл багатай буюу хоногт 1-5 см буурсан ерөнхий явцтай байсан байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-60 см бага байна.
Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Сэлбэ зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт 10-100 см нэмэгдэж, Хүдэр, Ерөө гол үерийн аюултай түвшинг 5-50 см, Хараа, Тэрэлж, Туул, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-70 см даван хүчтэй үерлэсэн байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 10-130 см ахиу 2025 оны мөн үеийнхээс 5-65 см бага байсан байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын эх болон дунд хэсгээр усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан явцтай байсан бол Сүхбаатар сум орчимд арав хоногийн эхээр хоногт 5-50 см нэмэгдээд аажим буурсан байна. Сэлэнгэ мөрөн Орхон голын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-50 см бага харин адгаараа 40-90 см ахиу устай байна.
Номхон далайн ай савын гол мөрөн, нуур
Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн эхээр хоногт 5-25 см нэмэгдэж, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг/ гол үерийн түвшинг 5-25 см, Балж гол үерийн аюултай түвшинг 10 см даван тус тус хүчтэй үерлэсэн байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 10-100 см ахиу харин 2025 оны мөн үеийнхээс 10-50 см бага байна.
Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол мөрөн, нуур
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Согоог, Харбут, Чигэртэй, Турган, Бодонч, Үенч, Дундцэнхэр, Долооннуур, Төгрөг, Чонохарайх зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-75 см бага байна. Харин Ховд, Буянт, Долооннуур зэрэг голууд олон жилийн дунджаас 15-50 см ахиу устай байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Хожуул, Завхан , Зүйл, Шарга, Түйн, Байдраг, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Зэгстэй, Таац, Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй хэлбэлзэл багатай буюу аажим буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-90 см бага байна.
Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Тэс, Түргэн, Хариг, Хангилцаг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан хандлагатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-20 см бага харин Хархираа голын хувьд 10 см ахиу түвшинд байна.
Зургаадугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй зарим голуудын усны түвшин хур борооны нөлөөгөөр огцом нэмэгдэж, үерийн болон аюул түвшинг даван үерлэсэн байна.

|
Эх сурвалж
| Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Гадаргын усны судалгааны хэлтэс
|
АДМИН






Нийгэм






