50 хоногийн дараа эхлэх COP-17: Бэлтгэл ажил 65 хувьд хүрч, гол сорилт нь санхүүжилт
Ирэх наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод болох COP-17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлын бэлтгэл ажил эрчимтэй үргэлжилж байна. Өнгөрсөн жилээс эхэлсэн бүтээн байгуулалт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өрнөж, одоогоор ерөнхий гүйцэтгэл 65 хувьд хүрчээ.
Монгол Улс 2022 онд Кот-Д'Ивуарын Абиджан хотод болсон COP-15 хурлын үеэр зохион байгуулагчийн саналаа дэвшүүлж, гишүүн орнуудын 100 хувийн дэмжлэгээр COP-17-ыг эх орондоо зохион байгуулах эрх авсан юм.
Бэлтгэл ажлын хүрээнд 10 түр барилга, хоёр гэрийн бүтээн байгуулалт үндсэндээ дуусч, долдугаар сараас дотоод засал, тоноглолын ажил эхэлжээ. Цэнхэр бүсэд албан ёсны хэлэлцээ, дээд түвшний уулзалтууд болох бол Ногоон бүсийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан нээлттэй орон зай болгон төлөвлөсөн байна. Энд байгаль хамгаалал, инноваци, соёлын арга хэмжээ, үзэсгэлэн зохион байгуулагдах бөгөөд иргэд чөлөөтэй оролцох боломжтой.
Мөн 85 мянган ам метр зам, дугуйн болон явган хүний зам, авто зогсоолын ажил бараг дуусч, 12 га талбайн ногоон байгууламжийн ихэнхийг байгуулжээ. Харилцаа холбооны дэд бүтэц, өндөр хурдны интернет, хяналтын системийг ч хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Одоогоор талбай дээр 1000 гаруй хүн, дотоодын болон гадаадын 10 гаруй компани ажиллаж байгаа бөгөөд зохион байгуулалтын хувьд Үндэсний хороо болон дэд хороод нийт 73 удаагийн хурал хийж, төлөвлөлтийн ажлын 90 гаруй хувийг гүйцэтгээд байгаа аж.
Харин хамгийн том хүндрэл нь санхүүжилт хэвээр байна. Барилгын төсвөөс хэмнэсэн хөрөнгийг хуульд заасны дагуу үйл ажиллагааны зардалд шилжүүлэх боломжгүй тул 20 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийн дутагдал үүсчээ. Үүнийг хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын дэмжлэгээр шийдэхээр ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай хөрөнгийн тал хувийн амлалт аваад байна.
COP-17 дууссаны дараа түр байгууламжуудыг буулгах ч шинээр баригдсан дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламж нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн байнгын хөрөнгө болон үлдэхээр төлөвлөгджээ.
Энэ удаагийн хурал Монгол Улсын олон улсын нэр хүндийг ахиулахаас гадна аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, байгаль хамгааллын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нээж байна. Гэвч үлдсэн 50 хоногт санхүүжилтийн асуудлаа бүрэн шийдэж, төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь дуусгах нь зохион байгуулагчдын өмнө тулгарсан хамгийн чухал шалгуур хэвээр байна.
Б.АМАРТҮВШИН






Нийгэм





