Монгол Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан хүрээнд “Агаарын тээврийн хөгжил, сорилт, шийдэл: Монгол Улсын онцлог, олон улсын туршлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2026.07.07/ зохион байгуулав.
“МИАТ” ТӨХК болон Удирдлагын академи хамтран зохион байгуулсан тус хурлаар агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг онцолж, агаарын тээврийн салбарт судалгаа, шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн судлаач, оюутнууд өөрсдийн бүтээл, судалгааны ажлаа танилцуулахын зэрэгцээ салбарын эксперт, мэргэжилтнүүд оролцон туршлага, шинэ санаа, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэв.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай үг хэлэхдээ 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй “МИАТ” ТӨХК-ийн үе үеийн ажилтан, албан хаагчдад баярын мэнд дэвшүүлээд, эрдэмтэн судлаач, оюутнуудад өөрсдийн хийж буй судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа салбарын эксперт, мэргэжилтнүүдэд танилцуулах, туршлага судлах боломжийг олгож байгаа нь агаарын тээвэрлэгчдийн зүгээс санаачлан зохион байгуулж буй анхны тохиолдол болж байгааг онцлон дурдав.
Мөн тэрээр “Иргэний агаарын тээврийн салбар нь цаг хугацаа, орон зайг товчлох хэлбэрээр дэлхий даяар эдийн засгийн хөгжлийг дэмжихэд маш чухал үүрэг гүйцэтгэж буй түүхэн эргэлтийн цаг үедээ байна гэж тодорхойлж болно. Энэ утгаараа Монголын иргэний агаарын тээврийн салбар ч мөн адил түүхэн цаг үедээ байна гэж хэлж болно. Түүхийн ийм онцлог үед аюулгүй байдлыг бэхжүүлж, үр ашгийг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг урагшлуулахын тулд дэлхийн агаарын тээвэрлэгчид нэгдэн хамтарч ажиллах нь зүйтэй” хэмээлээ.
Үндсэн илтгэлийг МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн хэлэлцүүлэв. Тэрбээр илтгэлдээ Дэлхийн агаарын тээврийн дээд хэмжээний чуулга уулзалт (WATS)-аар бүс нутгийн мөргөлдөөн болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан агаарын хөлгийн түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан зарим авиа компани дампуурлаа зарласан бол олонх нь нислэгийн чиглэл, давтамжаа цөөрүүлэх мөн тийзийн үнийн тарифт нэмэлт оруулах байдлаар эдийн засгийн зохицуулалт хийх арга хэмжээ авч ажиллаж байна. Үүсээд байгаа түлшний үнийн өсөлтөөс хамааралтай МИАТ ТӨХК-ийн хувьд агаарын хөлгийн түлшний хэрэгцээг үндсэндээ импортоор хангадаг бөгөөд дэлхийн эрчим хүчний зах зээлийн үнийн хэлбэлзэл, геополитикийн нөхцөл байдлын өөрчлөлт нь компанийн үйл ажиллагааны зардалд шууд нөлөөлж байгааг тэрбээр илтгэлд дурдав.
Энэхүү хурал нь салбарын бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгч байгууллагууд, сургалт судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачид болон мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ санаа, шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлоход чиглэсэн юм. Мөн агаарын тээвэрлэгчдийн нэрийн өмнөөс зохион байгуулж байгаа анхны эрдэм шинжилгээний хурал бөгөөд цаашид уламжлал болгон үргэлжлүүлэх нь ач холбогдолтойг эрдэмтэн судлаачид болон хуралд оролцогчид хэллээ.
АДМИН




Нийгэм






