Прокурорын байгууллага 2026 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 98 хүнд холбогдох 93 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь ойн бүс нутаг болох Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байна. Тодруулбал эхний хагас жилийн байдлаар Архангай аймгийн прокурорын газар 21, Хөвсгөл аймгийн прокурорын газар 14, Булган аймгийн прокурорын газар 10, Сэлэнгэ аймгийн прокурорын газар 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэж байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас:
- Иргэн Ж.Ц нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээс 2026 оны 1 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 5,4 м³ шинэс мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хохирол нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалтын дагуу мөрдөн байцаалтын шатанд Ж.Ц-р 2,3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Энэ хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мод бэлтгэх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ж.Ц-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөөг устгах, хууль бусаар бэлтгэсэн 5,4 м³ модыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Архангай аймгийн прокурорын газраас:
- Б.Ч нь 2025 оны 9 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс 9,5024 м3 шинэс төрлийн босоо модыг цахилгаан хөрөөгөөр огтолж, 156 ширхэг болгон хуваан бэлтгэж, өөрийн эзэмшлийн Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 1,8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.Ч-г хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 900 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, хураагдсан шинэс мод зэргийг улсын орлого болгох, ойн санд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж 5,5 сая төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хөвсгөл аймгийн прокурорын газраас
- Б.Т нь 2022 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг дэвсгэр дэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаас хувьдаа малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 12,9523м3 босоо нойтон шинэс мод бэлтгэж, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 13,2 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт (Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.Т-г улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойн бүсээс хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан.
Түүнчлэн Б.Т-ээс ойн санд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн 39,8 сая төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3,5 сая төгрөг, битүүмжлэгдсэн шинэс мод, цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Ойн тухай хуульд зааснаар арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван зориулалтаар зөвшөөрөлтэйгөөр зөвхөн огтлолтоор мод бэлтгэх нь хууль ёсны байна. Тодруулбал гэрээ, зөвшөөрөлгүй, эсхүл зөвшөөрсөн тоо хэмжээнээс хэтрүүлж мөн зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “зөвшөөрөлгүй мод бэлтгэх” шинжид ой, ойн сан бүхий газарт ургасан модыг зохих зөвшөөрөлгүйгээр шууд санаатай, шунахайн сэдэлтээр халдаж, хөрөөдөх, тасдах, цагаалах зэрэг огтлох үйлдлээс гадна модыг технологийн бус аргаар тухайлбал, үндэстэй нь хөрснөөс сугалах, булгалах зэргээр газрын гадарга, хүрээлэн буй орчноос салган авч ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхад хохирол учруулсан, төлөв байдлыг доройтуулсан аливаа сөрөг үйлдэл хамаарна.
Энэ гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирлыг буюу модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, улмаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалтай.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 8.2 хувийг ойн сан бүхий газар эзэлж, нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа тул иргэд та бүхэн Монгол Улсын Үндсэн хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хүлээсэн “Байгалиа хамгаалах” журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна.
|
Эх сурвалж
| УЕПГ
|
АДМИН






Нийгэм






