Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2026.07.06)-ийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгодог бөгөөд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т "Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу намын санхүүгийн тайланг хянасны дараа санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтооно." гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан 7 нам, эвслийн 2024 оны санхүүгийн тайланг хянаж Монгол Ардын Нам (МАН), Ардчилсан нам (АН), ХҮН нам, "Үндэсний Эвсэл" (Монголын Ногоон нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам), Иргэний зориг ногоон нам (ИЗНН), Шинэ нэгдсэн эвсэл (Монголын Уламжлалын Нэгдсэн нам, ШИНЭ нам)-д 2025 онд төрийн санхүүжилт олгосон бол Үнэн ба зөв нам нь 2024 онд хуульд заасан 4 төрлийн орлогогүй тул төрөөс олгох санхүүжилтийг тогтоогоогүй болно.
Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар тогтоолоор "ШИНЭ нам"-ыг бүртгэлгүйд тооцсон тул Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-д тус тус заасны дагуу Шинэ нэгдсэн эвсэлд олгох төрийн санхүүжилтийг зогсоолоо.
Улс төрийн нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хувийн аудитын хуулийн этгээд, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар тус бүр хараат бусаар хянаж, дүгнэлт гаргасан.
Улс төрийн намын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу Үндэсний аудитын газар төрөөс санхүүжилт авсан нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хянаж төрөөс олгосон санхүүжилтээс зориулалтын дагуу зарцуулаагүй улс төрийн намуудын жагсаалтыг гаргасан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу төрөөс олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй 5 намаас 2026 онд олгох санхүүжилтийг хасаж тооцож зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг Үндэсний аудитын газраас Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсний дагуу 5 нам, эвслээс нийт 191,581,767 төгрөгийг хасаж тооцов.
Ингэснээр Монгол Ардын Нам (МАН), Ардчилсан нам (АН), ХҮН нам, "Үндэсний Эвсэл" (Монголын Ногоон нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам), Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-д 2026 онд төрийн санхүүжилтийг олгохоор боллоо.
Нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээтэй дараах холбоосоор танилцана уу.
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанд дарга Н.Мягмар, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Ариунболд, Д.Баяндүүрэн, Д.Мөнхзориг, Ц.Уртнасан нар танхимаар, Э.Түвшинжаргал цахимаар оролцов. Ж.Болд, Д.Давааням нарын гишүүд хүндэтгэн үзэх шалтгаан, албан томилолттой байлаа.
|
Эх сурвалж
| СЕХ
|
АДМИН







Нийгэм






