Dark Light
Нийгэм | 2026-07-07

ЭМГЭНЭЛ: ДЭМИДИЙН ХИШИГТ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Соёл Урлагийн Их Сургуулийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн ахмад багш, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн Хүндэт профессор, “Анхны бүтээл” олон улсын оюутны наадмын Хүндэт ерөнхийлөгч, Монголын кино, телевизийн урлагийн нэрт найруулагч, сурган хүмүүжүүлэгч Дэмидийн Хишигт 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр таалал төгсөж, Монголын соёл, урлаг, боловсролын салбарт хүнд гарз тохиолоо.
Д.Хишигт багш маань 95 насыг хүрч, амьдралынхаа бүхий л он жилүүдийг театр, кино, телевизийн урлагийн хөгжилд зориулж, энэ салбарын хүний нөөцийг бэлдэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн билээ. 
Дэмидийн Хишигт 1931 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төржээ. 1947–1950 онд Урлагийн сургуульд жүжигчний мэргэжил эзэмшиж, 1957–1959 онд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд найруулагчийн мэргэжлээр суралцан, 1966–1967 онд ЗХУ-ын Төв телевизэд мэргэжил дээшлүүлж, 1975 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг төгссөн.
1950 онд Улсын хөгжимт драмын театрт жүжигчнээр, дараа жил нь Улсын Хүүхдийн төв театр байгуулагдахад анхны уран бүтээлчдийн нэгээр ажилласан тэрээр Д.Намдаг, Ч.Лодойдамба нарын “Нэг ангийнхан”, Л.Ванганы “Эмч нар”, “Цагаан хүзүүт майга бор”, “Урагшлах замд”, Д.Пүрэвдоржийн “Зоригтын зориг” зэрэг үндэсний жүжиг, мөн “Үнэт үр”, “Би гэртээ харихсан”, “Цасан хүү”, “Воровьевын ууланд”, “Санасан ёсоор бүтэх болтугай” зэрэг гадаадын жүжиг, “Шинэ жил”, “Манай аялгуу” зэрэг уран сайхны кинонд гол болон туслах дүрийг бүтээжээ.
1956 онд найруулагчийн уран бүтээлийн замналаа эхлүүлж, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран сайхны удирдагч, улмаар 1959 онд Хөвсгөл аймгийн Соёлын ордны ерөнхий найруулагчаар ажиллахдаа Б.Бат-Очирын “Нууц товч”, А.Штейний “Хувийн хэрэг”, Д.Нацагдорж, Б.Дамдинсүрэн нарын “Учиртай гурван толгой” дуурь, К.Жактошивийн “Алтан ай”, Р.Сандагжавын “Гэнэн сэтгэл” зэрэг бүтээлийг найруулжээ. Эдгээр он жилүүдэд тэрээр орон нутгийн театрын урын санг баяжуулж, уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлэхэд манлайлан ажиллаж, Монголын орон нутгийн театрын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан юм.
1960-1966 онд Дэмидийн Хишигт Монгол кино үйлдвэрт ассистент найруулагч, найруулагчаар, 1967-1991 онд Монгол телевиз, Телекино үйлдвэрт найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллаж, Монголын кино, телевизийн урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ. Монгол кино үйлдвэрт ажиллах хугацаандаа найруулагч Р.Доржпаламын “Салхины амт”, БНАГУ-тай хамтарсан “Алтан өргөө” уран сайхны кинонд хоёрдугаар найруулагчаар ажиллаж, “Баясгалан” (1961), “Тус биш ус” (1964), “Кино мэдээ”, “Киевийн охин”, “Хойч үеийнхэн” зэрэг бүтээлийг найруулан, “Монголын төмөр зам”, “Бүхнийг ялалтад”, “Монголын барилга, барилгын урлал” зэрэг баримтат кино бүтээж, анхны кино зохиол болох “Нөмрөг хадны цуурай”-гаа туурвижээ.
Монгол телевизийн мэргэжлийн анхны уран бүтээлчид, анхны найруулагчдын нэгийн хувьд “С.М.Эйзенштейн”, “И.Хейфиц”, “Э.Рязанов” зэрэг теле хөрөг, “Цэнхэр дэлгэц”, “Баярын мишээл”, “АСК”, “Изучайте русский язык” зэрэг танин мэдэхүйн цуврал нэвтрүүлгийг санаачлан найруулж, Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Монголын үзэгчдэд шууд дамжуулан хүргэсэн томоохон телевизийн бүтээлийг найруулсан юм. Мөн “Кино, телевиз”, “Соёл урлаг”, “Залуучууд, спорт” зэрэг редакцын нэвтрүүлгийг хөгжүүлэхэд манлайлан оролцож, Монгол телевизийн уран бүтээлийн бодлого, мэргэжлийн найруулгын арга барил төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэжээ. 1970-аад оны дунд үе гэхэд тэрээр баримтат, уран сайхны болон хүүхэлдэйн киноны төрөлд олон арван бүтээл туурвисан байна. Түүний “Монгол үнэн”, “Эртний монгол нутаг”, “Өргөн алаг Шишгэд”, “Үзэсгэлэнт нутаг Хорго” зэрэг 80 гаруй баримтат кино, эрийн гурван наадмын сэдэвт “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай”, мөн “Эрх цагаан”, “Тус” зэрэг хүүхэлдэйн кино нь Монголын кино урлагийн алтан санд мөнхөрсөн сор бүтээлүүдийн нэг болсон юм. Ялангуяа монголын кино урлагийн сонгодог бүтээлүүдийн эгнээнд зүй ёсоор багтдаг, үндэсний бөхийн ёс уламжлал, хурдан морины соёл, үндэсний сурын харваа, монгол хүний ахуй, ёс заншлыг уран сайхны өндөр түвшинд мөнхөлсөн “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” кинонууд нь түүний уран бүтээлийн оргил бүтээлүүдийн нэг болж, үндэсний дэлгэцийн урлагийн үнэт өв болон үлдлээ.
Түүний уран бүтээл олон улсад өндрөөр үнэлэгдэж, “Нэгдлийн намар” (1972), Германтай хамтран бүтээсэн “Говь” (1975) баримтат кинонууд БНАГУ-ын Лейпцигийн Олон улсын баримтат киноны наадмаас Хүндэт диплом хүртсэн бол, ЗХУ-ын Төв телевизийн “Солонго” олон улсын их наадмаас “Монгол хөөмий” (1983), “Ингэн эгшиг” (1987), “Дэмбээ маньдаа хө” (1991) бүтээлүүдээрээ тэргүүн шагнал хүртжээ. Мөн 2000 онд ОХУ-д болсон хүүхдийн киноны олон улсын наадмаас “Өнчин ишигний дууль” киногоороо тэргүүн шагнал хүртсэн нь Монголын кино, телевизийн урлагийг олон улсын тавцанд таниулахад оруулсан түүний гавьяаны тод илэрхийлэл болсон юм.
2004 оноос Дэмидийн Хишигтийн уран бүтээлийн замнал ирээдүйн кино, телевизийн найруулагчдыг сурган бэлтгэх эрхэм үйлстэй салшгүй холбогдсон юм. Тэрээр Соёл Урлагийн Их Сургуулийн Кино, телевиз, медиа урлагийн сургуульд уран чадварын болон зөвлөх багшаар ажиллаж, арвин мэдлэг, бүтээлч туршлагаа олон үеийн шавь нартаа өвлүүлэн, Монголын дэлгэцийн урлагийн залгамж халааг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Амьдралынхаа сүүлийн мөч хүртэл тасралтгүй суралцаж, бүтээл туурвил, эрдэм судлалын ажлаа үргэлжлүүлсэн тэрээр өөрийн хамтран санаачилж, зохион байгуулсан Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл” олон улсын оюутны наадмын Хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж, шавь нартаа мэргэжлийн зөвлөгөө өгч, сургуулийнхаа эрдэм шинжилгээ, сургалт, уран бүтээлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор байлаа. Түүнчлэн “Зурагт зулын хойморт заларсан нь” бүтээлийг М.Чойжил, Б.Дожоодорж нартай хамтран туурвиж, “Дамжуулах үг” (2011), “Гарьд магнай” (2014) бүтээлүүдийг хэвлүүлэн, кино, телевизийн найруулагч бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, цаг үеийн шаардлагад нийцүүлэн удаа дараа шинэчилсэн нь түүнийг авьяаслаг уран бүтээлч төдийгүй алсын хараатай сурган хүмүүжүүлэгч байсныг илтгэнэ.
Дэмидийн Хишигтийн олон арван жилийн хөдөлмөр, бүтээлч үйлсийг төр, засгаас өндрөөр үнэлж, 1956 онд Засгийн газрын Хүндэт үнэмлэх, 1971, 1977 онуудад Хөдөлмөрийн хүндэт медаль, 1986 онд Алтан гадас одон, 1991 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолоор шагнаж, 2017 онд СУИС-ийн Хүндэт профессор цол хүртээсэн билээ.
Монголын кино, телевизийн урлагийн нэрт найруулагч, эрхэм сурган хүмүүжүүлэгч Дэмидийн Хишигт нь хот, хөдөөгийн соёл, урлагийн байгууллагын хөгжил, дэд бүтцийг бэхжүүлэх, эх орныхоо соёл, урлаг, түүх, байгалийн өвийг дэлгэцийн бүтээлээр баримтжуулан мөнхжүүлэх, залуу уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэх, үе үеийн уран бүтээлчдийн залгамж холбоог бэхжүүлэх үйлсэд үнэтэй өв үлдээсэн эрхэм хүн байлаа.
Багшийн маань эгэл даруу зан чанар, инээмсэглэл, өргөн мэдлэг, шавь нартаа харамгүй түгээдэг их ухаан, бүтээлч авьяас билиг Монголын кино, телевизийн урлагийн түүхэнд төдийгүй гэр бүл, олон үеийн шавь, хамтран зүтгэгч, анд нөхдийнх нь зүрх сэтгэлд үүрд мөнхөд гэрэлтэн дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, төрөл садан, шавь нар, хамтран зүтгэгчид, анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж | Соёл урлагийн их сургуулийн эрдмийн хамт олон
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16