Dark Light
Нийгэм | 2026-07-07

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АЛТАНБУЛАГ, ЭРЭЭНЦАВ БООМТУУД ХЭВИЙН АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Гаалийн байгууллага 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, албан хаагчдын сахилга хариуцлагын шалгалтын дүн болон Үндэсний их баяр наадмын үеэр ажиллах зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.
 
Энэ оны эхний зургаан сарын байдлаар гаалийн байгууллага нийт 2047 зөрчил илрүүлэн шалгасан нь өнгөрсөн оны мөн үеэс 17.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Илэрсэн зөрчлийн 47.1 хувь нь татвараас зайлсхийсэн үйлдэл байсан бол 23.5 хувь нь хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол байв.
 
Нийт зөрчлөөс 52 нь эрүүгийн шинжтэй байсан тул хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 12 зөрчлийг илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлжээ.
 
Түүнчлэн хууль бусаар алт хилээр гаргахыг завдсан үйлдлүүдийг илрүүлсний дотор 1.6 кг алт хууль бусаар гаргахыг завдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Бүгд Найрамдах Турк Улсаас ирсэн нэгэн иргэн 12.2 кг алтан эдлэлийг биедээ нууж оруулж ирсэн зөрчлийг илрүүлжээ.
 
Сүүлийн үед чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрийн эмчилгээнд хэрэглэдэг тарилга болон тусгай зөвшөөрөл шаарддаг эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр оруулж ирэх зөрчил нэмэгдэж байгааг гаалийн байгууллага анхаарууллаа. Ийм төрлийн бүтээгдэхүүнийг цахимаар болон гар дээрээс худалдан авахгүй байхыг иргэдэд зөвлөсөн байна.
 
Харин сахилга, хариуцлагын чиглэлээр хийсэн шалгалтын хүрээнд гаалийн болон төрийн албаны тухай хуулийг зөрчсөн 91 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулжээ. Үүнээс зургаан албан хаагчид ёс зүйн хариуцлага тооцож, 26 албан хаагчийн эрхийг түдгэлзүүлсэн байна.
 
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд гаалийн байгууллага тасралтгүй ажиллах бөгөөд төмөр замын болон агаарын боомтууд 24 цагаар үйл ажиллагаа явуулах аж. Алтанбулаг, Буянт-Ухаа, Эрээнцав зэрэг боомтууд хэвийн ажиллаж, иргэдийн ачаа бараанд шуурхай бүрдүүлэлт хийхээр зохион байгуулалт хийжээ.
 
Гаалийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд хилээр нэвтэрсэн бараа бүтээгдэхүүний бүрдүүлэлтийг тасралтгүй хийж, шаардлагатай тохиолдолд нэмэлт албан хаагч ажиллуулан үйлчилгээ үзүүлнэ хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16