Европын Холбооны Хөдөлмөр, Нийгмийн асуудал эрхэлсэн сайд нарын зөвлөл (EPSCO) 6-р сарын 30-нд Люксембургт хуралдаж, хүн ам зүйн өөрчлөлтөөс үүдэлтэй орон сууцны асуудлын талаар Зөвлөлийн дүгнэлт баталлаа.
Уг дүгнэлтэд орон сууцны хямрал нь зөвхөн үнэ, нийлүүлэлтийн асуудал бус, хүн амын хөгшрөлт, өрхийн хэмжээ багасах, хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой нийгэм, эдийн засгийн томоохон сорилт болсныг онцолжээ.
Мөн залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэдтэй болон бага, дунд орлоготой өрхүүд орон сууцны хүндрэлд хамгийн их өртөж байгааг дурдсан байна. Өндөр өртөг нь залуусыг бие даан амьдрах, гэр бүл зохиох шийдвэрээ хойшлуулахад хүргэж байгааг мөн тэмдэглэжээ.
Европын Парламентын мэдээллээр, 2015-2024 онд ЕХ-ны хэмжээнд орон сууцны үнэ дунджаар 53 хувиар өссөн бол 2023 онд залуучууд дунджаар 26.3 насандаа эцэг эхээсээ тусдаа амьдарч эхэлжээ. Зарим гишүүн улсад 18-34 насны залуусын 70 хүртэлх хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдрах шаардлагатай хэвээр байна. Европын Комисс хямд өртөгтэй орон сууцны бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж, асуудлыг Европын Парламентын энэ долоодугаар сарын чуулганаар дахин хэлэлцэхээр төлөвлөжээ.






Нийгэм






