Dark Light
Нийгэм | 2026-07-07

ТӨРИЙН СОЁРХОЛТ Д.АВИРМЭД АРДЫН ЭМЧ ЦОЛ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Мэс заслын зөвлөх эмч, Төрийн соёрхолт Дашжамцын Авирмэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Ардын эмч” хэмээх эрхэм дээд цолоор шагнагдлаа.
Энэхүү эрхэм хүндтэй шагналыг Монгол Улсад Хүүхдийн мэс заслын алба үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойтой давхцуулан хүртэж буй нь хүүхдийн мэс заслын салбарын хөгжил, үе үеийн эмч нарын хичээл зүтгэл, бүтээлч үйлсийг төрөөс өндрөөр үнэлсэн түүхэн үйл явдал болж байна.
Дашжамцын Авирмэд эмч нь Монголын хүүхдийн мэс заслын албаны үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, тус салбарын тулгуур баганы нэг, хөгжлийн суурийг тавьж, бэхжүүлэх үйлсийг манлайлан ажилласан эрхэм эмч, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч билээ. Тэрээр хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, шинэ арга технологийг нэвтрүүлэх, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон мянган хүүхдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах үйлсэд өөрийн мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулсан төдийгүй Монголын эрүүл мэндийн салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан эрхэм хүн юм.
Мөн тэрээр олон үеийн хүүхдийн мэс засалч, эмч мэргэжилтнүүдийг сурган хүмүүжүүлж, мэдлэг, туршлага, ёс зүйн үнэт өвийг өвлүүлэн үлдээсэн нэр хүндтэй багш билээ. Түүний бэлтгэн хүмүүжүүлсэн шавь нар өнөөдөр эх орныхоо өнцөг булан бүрт хүүхдийн эрүүл мэндийн төлөө нэр төртэй ажиллаж, салбарын хөгжлийг үргэлжлүүлэн авч явна.
Монголын хүүхдийн мэс заслын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, салбарын суурийг бэхжүүлэхэд манлайлан ажиллаж, олон мянган хүүхдийн амь нас, эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, олон үеийн эмч, мэргэжилтнийг сурган хүмүүжүүлсэн эрхэм Дашжамцын Авирмэд эмч “Монгол Улсын Ардын эмч” хэмээх эрхэм дээд цолоор шагнагдсанд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон чин сэтгэлийн халуун баяр хүргэж, гүн хүндэтгэл илэрхийлж байна.
Өнөөдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон эрхэм Авирмэд эмчээ төрөлх эмнэлэгтээ хүндэтгэлтэйгээр угтан авч, энэхүү түүхэн бахархалт мөчийг хамтдаа тэмдэглэлээ.

Эх сурвалж | Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16