Dark Light
Нийгэм | 2026-07-08

“АХМАДЫН САН” БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ахмад настанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулж холбогдох байгууллага, иргэдийн саналыг авч Засгийн газрын өнөөдрийн (2026.07.08) хуралдаанаар хэлэлцүүлж, батлууллаа.
Монгол Улсад 2026 оны эхний улирлын байдлаар эмэгтэй 55-аас дээш, эрэгтэй 60-аас дээш ахмад настны тоо нийт 431.6 мянган ахмад настан байгаа нь нийт хүн амын 11 гаруй хувийг эзэлж байна. Хүн амд ахмад настны тоо нэмэгдэхийн хэрээр эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний эрэлт, хэрэгцээ өсөж байна.
Төлөвлөгөөнд ахмад настны орлогын баталгааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, урт хугацааны тусламж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх, ахмад настны нийгмийн оролцоог дэмжих, цахим технологийн хүртээмжийг сайжруулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх гэсэн 6 зорилтын хүрээнд зорилт, арга хэмжээнүүдийг суурь түвшин, хүрэх түвшин, хариуцан хэрэгжүүлэх болон хамтран ажиллах байгууллагуудыг тодорхой тусгасан.
Тогтоолын төсөлд Засгийн газрын гишүүдээс гадна, Хүний эрхийн үндэсний комисс, зарим агентлагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын ахмадын холбоо, Социал демократ ахмадын холбоо, төрийн болон төсөвт байгууллагуудын ахмадын хороо, зөвлөл, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын ахмадын зөвлөл, ахмад настны төлөөллүүдээс санал авч, хэлэлцүүлэг хийсэн.
Хуульд заасан “Ахмадын сан” байгуулах, ажиллуулах, ахмад настанд ээлтэй аймаг, дүүрэг, сум, хороо, аж ахуйн нэгж, байгууллага бий болгох, ахмад настны мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, насжилтын талаар нийгмийн эерэг ойлголт хандлага бий болгох, судалгаа, сургалт, мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх, ахмад настны эрхийг хангахад салбар хоорондын хамтын ажиллагаа сайжруулахаар тусгалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16