Dark Light
Нийгэм | 2026-07-08

ҮЕР, МӨНДӨР, НӨӨЛӨГ САЛХИНААС СЭРЭМЖЛҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ирэх тав хоногт орны ихэнх нутгаар бороо үргэлжилж, зарим бүс нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Ялангуяа малчид, иргэд, тээвэрчид үер ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Тодруулбал, долдугаар сарын 10-нд Завхан, Хөвсгөл, Булган аймагт, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад, 12-нд Хэнтий, Дорнод аймгийн нутгаар усархаг бороо орж, аянга цахилгаантай аадар бороо үргэлжлэх төлөвтэй байна. Иймд гол, мөрөн, хуурай сайр, жалгын ойролцоо зорчих, амрах, отор нүүдэл хийхдээ онцгой анхаарахыг сануулжээ.

Өнөө шөнөөс маргааш орой хүртэл Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө, өдөртөө Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын талаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн ихэнх хэсгээр секундэд 5-10 метр байх боловч борооны өмнө түр хугацаанд ширүүсэх төлөвтэй байна.

Агаарын температурын хувьд шөнөдөө уулархаг нутгаар +6...+11 градус хүрч сэрүүхэн байх бол говийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус дулаан байна. Өдөртөө уулархаг нутгаар +18...+23 градус, говийн өмнөд хэсгээр +30...+35 градус хүрч халж, бусад нутгаар +22...+27 градус дулаан байх төлөвтэй.

Улаанбаатар орчимд

Нийслэл орчимд ойрын хоногт хур тунадас орохгүй. Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө багавтар үүлтэй байх бөгөөд салхи баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна. Багануур орчимд мөн адил тогтуун, Тэрэлж орчимд шөнөдөө +9...+11, өдөртөө +22...+24 градус дулаан байх төлөвтэй.

Ирэх тав хоногийн төлөв

Долдугаар сарын 10-14-ний хооронд баруун, төв, зүүн болон говийн бүсийн олон аймагт ээлж дараалан бороо, дуу цахилгаантай аадар үргэлжилнэ. 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутагт, 11-нд төвийн аймгуудын ихэнх хэсэг болон зүүн бүсийн баруун хэсэгт, 12-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 13-нд төв, говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орох төлөвтэй байна.

Мөн 10-наас эхлэн баруун болон төвийн нутгаар, 11-нд ихэнх нутгаар сэрүүсэх бөгөөд уулархаг бүс нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +11...+16 градус хүртэл сэрүүснэ. Харин говийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20, өдөртөө +26...+31 градус дулаан хэвээр байх бол бусад нутгаар өдөртөө +18...+23 градус дулаан байх төлөвтэй байна.

Иймд ойрын өдрүүдэд аялал, амралт, малын отор нүүдэл, замын хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын нөхцөл байдлыг тогтмол харгалзан, үер ус, аянга цахилгаан, мөндөр болон хүчтэй салхинаас урьдчилан сэргийлэхийг цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16