Дэлхийн агаар мандлын тогтворгүй байдал ба монгол орны зуны улирлын цаг агаар сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.07.09/ Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн хамтран зохион байгууллаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн хэмжээнд хэт халалт, усархаг аадар бороо, үер зэрэг ус, цаг агаарын гаралтай аюултай үзэгдлийн давтамж, эрчимшил эрс нэмэгдэж байна. Мөн Номхон далайн зүүн хэсэг, экватор орчимд ажиглагддаг далайн гадаргын температурын дулааралт болох “Эль-нино” үзэгдэл энэ онд урьд өмнө байгаагүй “Нэн хүчтэй” түвшинд хүрэх төлөвтэй байгааг Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-аас мэдээллэсэн. Энэхүү үзэгдэл нь Зүүн өмнөд Ази, Хойд болон өмнөд Америк зэрэг бүс нутгуудын агаарын температурыг нэмэгдүүлж, хэт халалт тохиолдох, зарим бүс нутагт хур тунадасны горим өөрчлөгдөх зэрэг эрсдэлийг бий болгодог болохыг эрдэмтэн, судлаачид тогтоосон байдаг.
Эль-Нино үзэгдэл нь дэлхийн бүх улс орон, бүс нутагт ижил байдлаар нөлөөлдөггүй ба Монгол орны хувьд зуны уур амьсгалд шууд бус, харин агаар мандлын ерөнхий орчил урсгал, бүс нутгийн даралтын орны өөрчлөлт, чийгийн шилжилт хөдөлгөөнөөр дамжин нөлөөлөх боломжтой юм. Судалгааны дүнгээс харахад сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд нийт 12 удаа (cул, cул хүчтэй, хүчтэй, нэн хүчтэй) Эль-Нино үзэгдэл ажиглагдсан бөгөөд 1982/83, 1997/98, 2015/16, 2023/24 онуудад нэн хүчтэй Эль-Нино тохиолдсон байна. Эдгээр жилүүдэд Монгол орны зуны улиралд, ялангуяа нутгийн зүүн хойд хэсгээр харьцангуй сэрүүн, хур тунадас олон жилийн дунджаас ахиу байв.
Харин энэ жилийн хувьд сүүлийн 150 шахам жилд тохиолдож байгаагүй нэн хүчтэй Эль-Нино үзэгдэл ажиглагдаж болзошгүй байгаа нь агаар мандлын ерөнхий орчил урсгалд нөлөөлж, цаг агаар, уур амьсгалыг урьдчилан тооцоолох боломжийг багасгаж, улмаар үүсэж болох сөрөг нөлөөллийг ихэсгэх эрсдэлтэй байгаа талаар ДЦУБ-аас улс орнуудад анхааруулж байна.
Монгол орны тухайд УЦУОСМХүрээлэнгээс 2026 оны 7-9 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг боловсруулан олон нийтэд хүргэсэн байгаа. Урьдчилсан төлөвөөр баруун аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас бага, агаарын температур дунджаас дулаан байх төлөвтэй байна. Харин төв болон зүүн аймгуудын нутгаар агаарын температур олон жилийн дунджийн орчим болон дунджаас сэрүүхэн байх ба хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна. Энэхүү мэдээлэл нь улирлын ерөнхий төлөв бөгөөд болзошгүй онцлог үзэгдэл, тухайлбал гэнэтийн их халалт, хүчтэй усархаг аадар бороо, үер усны аюулын түвшний нарийвчилсан мэдээллийг агуулаагүй болно. Ийм төрлийн үзэгдлийг 10 хоногийн болон 5 хоногийн урьдчилсан мэдээгээр нарийвчлан гаргадаг тул богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээнд холбогдох тодруулгыг хийж байх болно.
Ер нь зуны саруудад хэт халалт болох, агаарын температурын хоног хоорондын огцом өөрчлөлт нэмэгдэх, түүнийг дагаад богино хугацаанд их хэмжээний аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэх, гэнэтийн үерийн нөхцөл байдал үүсэх зэрэг эрсдэлтэй байгааг анхаарах хэрэгтэй.
Цаашлаад зуны хур бороо, гангийн нөхцөл байдал нь Монгол орны нийгэм эдийн засаг, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт нөлөөлөөд зогсохгүй өвлийн саруудын зудын нөхцөл байдлыг үүсгэж болзошгүйг анхааруулж байна.
|
Эх сурвалж
| Цаг уур, орчны шинжилгээний газар
|
АДМИН







Нийгэм






