Монополын эсрэг газраас иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд үндэслэн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд 2026 оны 06 дугаар сарын 02-ноос 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Хяналт шалгалтад үүрэн холбооны үйлчилгээ эрхэлдэг "Мобиком корпораци" ХХК, "Юнител" ХХК, "Скайтел" ХХК, "Жимобайл" ХХК хамрагдсан бөгөөд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, гэрээ, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар дараах нийтлэг нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
- Хэрэглэгчээс гаргасан гомдол, саналыг шийдвэрлэх хугацаа, лавлах төвд утсаар холбогдох дараалал /хугацаа/, дата хурд зэргийг хэрэглэгчийн ашиглаж буй багцын үнийн дүнгээс хамаарч ялгавартай үйлчлэх;
- Хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний багцуудад яриа, дата /мессеж/ үйлчилгээ /ХЯЗГААРГҮЙ/ гэх нэршлийг ашиглаж, нөхцөл /гэрээ/, урамшуулал /зар сурталчилгаа/-д тусгах боловч зохисгүй хэрэглээний лимит гэж өөрсдийн дотоод журмаар зохицуулан лимит тогтоож байгаа нь бодит байдалтай нийцэхгүй;
- Хэрэглэгчийн өөрийн буруугаас шалтгаалаагүй, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний нөлөө гэх мэт ашиглаагүй үйлчилгээний төлбөрийг хэрэглэгч заавал төлөх, харин аж ахуй эрхлэгчийн үйлчилгээ нь дээрх шалтгаанаар доголдсон тохиолдолд хариуцахгүй гэх агуулгатай, хэрэглэгчийн эрхийг дордуулсан заалт /нөхцөл/ гэрээнд тусгасан;
- Хэрэглэгч үйлчилгээгээ солих, өөрт ашигтай үйлчилгээг сонгоход мэдээлэл дутуу хүргэх эсхүл сонголтыг хязгаарлаж, болзол нөхцөл тулгасан; /г.м/
Иймд Монополын эсрэг газраас дээрх аж ахуй эрхлэгчдэд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүллээ.
|
Эх сурвалж
| Монополын эсрэг газар
|
АДМИН





Нийгэм






