Прокурорын байгууллагаас эрх бүхий 1,102 байгууллагын 11,921 эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг хөтөлж, хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад хяналтаа чиглүүлж ажилласан.
Улсын хэмжээнд 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 4,353,418 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 дахин өсжээ.
Нийт зөрчлийн 89 хувь нь Нийслэлд, 11 хувь нь орон нутагт бүртгэгдсэнээс 99.6 хувийг Цагдаагийн байгууллага, 0.4 хувийг Гадаадын иргэн харьяатын газар, Гааль, Татвар, Нийгмийн даатгал болон бусад эрх бүхий байгууллагууд шалган шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчилд шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 4,247,267 буюу 97.6 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар, 46,663 буюу 1 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан, 4,062 буюу 0.1 хувьд нь эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан бол 25,396 буюу 0.6 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 4,141,611 хүн, 178,341 хуулийн этгээдэд нийт 114 тэрбум 379 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 58 тэрбум 342 сая төгрөг буюу 51 хувь нь төлөгджээ.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧИЛ 1.4 ДАХИН ӨСЖЭЭ
Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзэхэд: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 64,054 буюу 25 хувиар, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 16,201 буюу 5.4 хувиар, Хүний биед халдах зөрчил 8,363 буюу 16 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 3,978 буюу 6 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2,405 буюу 42 хувиар, Хуурамч дуудлага мэдээлэл өгөх зөрчил 1,491 буюу 76.5 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 619 буюу 53.7 хувиар тус тус буурсан байна.
Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 4,180,465 буюу 1.4 дахин, Танхайрах зөрчил 15,490 буюу 95.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 11603 буюу 79 хувиар, Хулгайлах зөрчил 2,745 буюу 4 дахин, Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 1,909 буюу 23.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1,055 буюу 44 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэр үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 519 буюу 3.7 дахин, Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 48 буюу 41 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 82 буюу 2 дахин тус тус өссөн байна.
.jpg)
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил нийт зөрчлийн 96 хувийг эзэлж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зөрчлийг багасгах, автозамын ачааллыг бууруулах чиглэлээр төр, захиргааны байгууллагуудаас замын хөдөлгөөний удирдлага, хяналтыг сайжруулах, камерын хяналтын системийг өргөжүүлэх, замын дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөлгөөний зохион байгуулалтыг боловсронгуй болгох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч замын хөдөлгөөнд оролцогчдын эрх зүйн мэдлэг, хариуцлагатай байдал хангалттай сайжрахгүй байгаа нь зөрчлийн тоо өсөхөд нөлөөлж байна.
ПРОКУРОР 2,859 ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭСЭН
Прокурорын байгууллагаас эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан 1,669 шийдвэрийг, хэрэгсэхгүй болгосон 836 шийдвэрийг тус тус хүчингүй болгож, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан 1837 шийдвэрийг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж, 1224 дүгнэлтийг шүүхээр хянан хэлэлцүүлж, 1118 буюу 91 хувь нь биелжээ.
Прокуророос хууль тогтоомжийн хэрэгжилтийг 185 удаа шалгаж, 61 удаа судлан нийт 6,501 зөрчлийг илрүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудад 110 шаардлага хүргүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулж, 71 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ.
Прокурор зөрчил шалган шийдвэрлэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд 21,383 удаа, захиргааны хэргийн шүүх хуралдаанд 90 удаа тус тус оролцсон.
Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 47 тэрбум 146 сая төгрөгийн хохирол учирснаас 26 тэрбум 948 сая төгрөг буюу 57 хувь нь нөхөн төлөгдсөн байна.
.jpg)
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар эрх бүхий албан тушаалтнаас нийт 3,859 санал гаргасныг хянаад 13 саналыг хүлээн авахаас татгалзсан бол эрх бүхий албан тушаалтнаас прокурорын зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 15 удаа явуулсныг хянаад 1 ажиллагааг хүчингүйд тооцсон байна.
Хүнийг саатуулах эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавихдаа эрх бүхий албан тушаалтнаас саатуулах эрх хязгаарлах арга хэмжээг 13 хүнд үндэслэлгүй авсныг илрүүлж сулласан.
Дээрх ажлын хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2,859 хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн ажилласан байна.
|
Эх сурвалж
| УЕПГ
|
АДМИН





Нийгэм






