Dark Light
Нийгэм | 2026-07-11

ЕСӨН ХӨЛТ ИХ ЦАГААН ТУГИЙГ ХҮНДЭТГЭН ЗАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд Монгол төрийн эрхэм дээд бэлгэдэл болох Төрийн есөн хөлт Их цагаан тугийг хүндэтгэн заллаа.

Есөн хөлт Их цагаан тугийг жилд хоёрхон удаа гадаалуулдаг уламжлалтай. Үүний нэг нь Үндэсний их баяр наадмын үеэр бөгөөд торгон цэргүүд төрийн хүндэтгэлийн ёслолын дагуу тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв цэгт залж, наадамчин олонд хүндэтгэл үзүүлдэг.

Төрийн есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдэл, төрт ёсны дархлааг илэрхийлсэн эрхэм дээд бэлгэдэл юм. Гол Их цагаан сүлдийг тойрсон найман элч бага сүлдээс бүрдэх есөн хөлт бүтэц нь төрийн үйлс мөнхөд мандан бадрахыг бэлгэддэг.

Түүхэн сурвалжаар, Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулсны дараа хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн төрийн Их цагаан тугийг босгон тахиснаас хойш монголчууд өнөөг хүртэл энэхүү бэлгэдлээ дээдлэн шүтэж иржээ. Тугийг мянган цагаан азарганы сүүлээр бүтээсэн нь төр улсаа мянган азарганы хүчээр бат бэх авч явахын утгыг агуулдаг.

1992 оны Үндсэн хуулиар "Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн" хэмээн тунхагласан бөгөөд Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуульд түүнийг үйлдэх, хадгалах, хүндэтгэх журмыг нарийвчлан зохицуулсан байдаг.

Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлж, наадмын нээлтийн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр залдаг уламжлал өнөөдөр ч хадгалагдсаар байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16