Гол мөрний усны горимын арав хоногийн /2026.07.11/ тоймыг хүргэж байна.
Хойд мөсөн далайн ай савын гол мөрөн, нуур
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Шишхэд зэрэг голуудын хоногийн түвшний хэлбэлзэл өмнөх арав хоногт 1-5 см байсан бол Үүр голын усны түвшин арав хоногийн дундуур хоногт 5-40 см нэмэгдээд аажим буурсан байна. Дээрх голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-45 см бага байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Гичгэнэ, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй хэлбэлзэл багатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-65 см бага байна.
Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн эх болон дунд үеэр хоногт 2-20 см буурсан хэдий ч арав хоногийн сүүлээр аажим нэмэгдсэн байна. Харин Лүн сум орчимд Туул голын усны түвшин арав хоногийн турш үерийн болон аюул түвшинг 10-25 см даван хүчтэй үерлэсэн байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-120 см ахиу байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын усны түвшин өмнөх арав хоногийн турш харьцангуй хэлбэлзэл багатай буюу аажим буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-45 см бага харин адаг хэсэг буюу Сүхбаатар сум орчимд 15-70 см ахиу устай байна.
Номхон далайн ай савын гол мөрөн, нуур
Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз /Дашбалбар сум/ зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-2 см буурсан бол Хэрлэн гол /Чойбалсан сум/ болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд хугацааны турш усны түвшин аажим нэмэгдэж, 7 дугаар сарын 10-ний өдөр Халх гол үерийн түвшинг 5-10 см даван үерлэсэн байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-65 см ахиу байна.
Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол мөрөн, нуур
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Согоог, Харбут, Чигэртэй, Турган, Бодонч, Үенч, Дундцэнхэр, Долооннуур, Төгрөг, Чонохарайх зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй хэлбэлзэл багатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-80 см бага байна. Харин Ховд, Буянт, Долооннуур зэрэг голууд олон жилийн дунджаас 10-35 см ахиу устай байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Хожуул, Завхан , Зүйл, Шарга, Түйн, Байдраг, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Зэгстэй, Таац, Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт харьцангуй хэлбэлзэл багатай буюу аажим буурсан явцтай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-90 см бага байна.
Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Тэс, Түргэн, Хариг, Хангилцаг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан хандлагатай байсан бол Хархираа голын усны түвшин арав хоногийн дундаас хоногт 5-15 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-15 см даван үерлэсэн байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2025 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-30 см ахиу байгаа бол Чигж, Хангилцаг голын хувьд 5-15 см бага устай байна.
Долоодугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага байгаа хэдий ч зарим голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн болон аюул түвшинг даван үерлэсэн байна.
|
Эх сурвалж
| Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Гадаргын усны судалгааны хэлтэс
|
АДМИН




Нийгэм





