Dark Light
Нийгэм | 2026-07-13

БЗД-Т ҮЕРИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛЛАГААГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Шар дэлгүүрийн харалдаа байрлах шороон далан үерийн усанд нурж, айл өрхүүд рүү үерийн ус орох эрсдэл үүссэн тухай дуудлагыг 18:16 цагт хүлээн авлаа. Дуудлагын дагуу дүүргийн холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж, 19:00 цагт хэлтсийн дарга газар дээр нь очин нөхцөл байдалтай танилцаж, үерийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг эхлүүлсэн.
 
Ажиллагаанд Гал түймэртэй тэмцэх, аврах 35 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 7 алба хаагч, Геодезийн албаны 4 ажилтан, 1 экскаватор, 4 хово техник оролцож, нийт 120 тонн шороо буулган 3 метр орчим өндөр, 80 орчим метр урт хамгаалалтын далан байгуулан ажиллаж байна.
 
Мөн үерт нурсан эргийг бэхжүүлэх, цахилгааны шонгийн суурийг хүчитгэх ажлыг зэрэг гүйцэтгэж, үерийн усны урсгалыг аюулгүй чиглүүлэх зорилгоор хоёр хэсэгт голдирол өөрчлөх ажлыг үргэлжлүүлж байна.
УБЦТС ТӨХК-ийн Зүүн төвийн шуурхай үйлчилгээний бригадын инженерүүд газар дээр нь ажиллаж, цахилгааны шон сууриндаа тогтвортой, унах эрсдэлгүй байгаа тул цахилгаан таслах шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргалаа.
 
Нөхцөл байдлын газар дээр дүүргийн менежер, Онцгой байдлын хэлтсийн удирдлагууд болон алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд хамгаалалтын далангийн ажлыг шөнийн турш үргэлжлүүлэн гүйцэтгэж, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээг авч байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16