Dark Light
Нийгэм | 2026-07-14

ИХЭНХ НУТГААР +30 ХЭМ ДАВЖ ДУЛААРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ихэнх нутгаар дулаарч, амралтын өдрүүдэд аадар бороо үргэлжилнэ

Цаг уурын байгууллагаас гаргасан тав хоногийн урьдчилсан төлөвөөр ойрын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар дулаарч, говийн бүсийн өмнөд хэсгээр халалт эрчимжих төлөвтэй байна. Харин уулархаг болон төв, баруун бүсийн зарим нутгаар үе үе дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнөх хүчтэй салхи шуурга шуурах тул малчид, иргэд, тээвэрчид цаг агаарын нөхцөлд онцгой анхаарахыг зөвлөж байна.

Өнөөдөр хаана бороо орох вэ?

Долдугаар сарын 14-ний 20:00 цагаас 15-ны 20:00 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Харин бусад нутгаар хур тунадас багатай байна.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5–10 метрийн хурдтай салхилж, борооны өмнө зарим газраар түр зуур ширүүсэх учир аялал, зугаалга болон замын хөдөлгөөнд оролцогчид сонор сэрэмжтэй байх шаардлагатай.

Говьд +37 хэм хүрч хална

Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Онон голын хөндийгөөр +4...+9 градусын сэрүүхэн байх бол говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус дулаан хононо. Бусад нутгаар +10...+15 градус байна.

Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +21...+26 градус дулаан байх бол бусад нутгаар +26...+31 градус хүрч дулаарна. Харин Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус хүрч хална.

Улаанбаатарт бороо орохгүй

Улаанбаатар хот орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй бөгөөд салхи баруун хойноос секундэд 5–10 метрийн хурдтай салхилна. Шөнөдөө +11...+13, өдөртөө +27...+29 градус дулаан байна.

Багануур орчмоор мөн бороо орохгүй, өдөртөө +26...+28 градус дулаан байх бол Тэрэлж орчимд өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, агаарын температур +24...+26 градус хүрэх төлөвтэй байна.

Ирэх тав хоногийн төлөв

Долдугаар сарын 16-20-ны хооронд агаарын температур нийт нутгаар дулаан хэвээр хадгалагдах боловч борооны хамрах хүрээ аажмаар тэлэх төлөвтэй байна.

  • 16-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор,

  • 17-нд баруун, төв, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын өмнөд хэсгээр,

  • 18-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын баруун хэсгээр,

  • 19-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Энэ хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 5–10 метр байх ч аадар борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ.

Хугацааны эхээр агаарын температур нэмэгдэж, говийн өмнөд хэсгээр өдөртөө +33...+38 градус хүрч хална. Харин уулархаг нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байх бөгөөд 18, 19-ний өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.

Иймд аадар бороо, аянга цахилгаан, хүчтэй салхи болон халалтын эрсдэлийг харгалзан аялал, зугаалга, мал аж ахуй, тээврийн үйл ажиллагаагаа цаг агаарын нөхцөлтэй уялдуулан төлөвлөхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16