Хоногт 250 мянган шоо метр хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ Төв цэвэрлэх байгууламжид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа. Энэхүү байгууламж бохир усыг механик, физик, хими, нэмэлт биологийн цэвэрлэгээний аргаар технологийн дагуу боловсруулж байна.
55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх байгууламж гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангах юм. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт барьсан тус цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан. Харин гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн хамтарсан консорциум ажилласан.
Иргэдийн буруу дадлаас үүдэн бохирдлын хэмжээ нэмэгдэж, Төв цэвэрлэх байгууламжид тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл үүсгэх эрсдэлтэй байдгийг инженерүүд анхааруулав. Тухайлбал, цэвэрлэх байгууламж өдөр тутамд усанд уусдаггүй цаас, салфетка зэрэг их хэмжээний хогийг ялгаж байна. Жилээс жилд хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа таагүй мэдээтэй. Энэ бол оршин суугчдын буруу зуршилтай шууд холбоотой юм. Тиймээс ариутгах татуурга руу усанд уусдаггүй цаас болон хатуу хог битгий хийхгүй байхыг зөвлөлөө. Тус байгууламж хэвийн ажиллахад иргэдийн оролцоо чухал юм.
УСУГ-ын Цэвэрлэх байгууламжийн албаны дарга О.Оюунбаяр “Цэвэрлэх байгууламж 200 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр 24 цагийн турш ажилладаг. Хуучин цэвэрлэх байгууламж бохир усыг хүлээж аваад цэвэршүүлэх явцад үнэр ихээр ялгарч эргэн тойронд тархдаг байсан бол шинэ цэвэрлэх байгууламж таагүй үнэрийг шийдсэнээрээ онцлогтой. Төв цэвэрлэх байгууламж хоногт дунджаар 190.000-240.000 шоо метр бохир ус хүлээн авч байгаа бөгөөд гурван тонн хатуу хог хаягдал ирж байгаа нь эрсдэл дагуулсаар байна” гэлээ.








Нийгэм





