Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб болон НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж буй “Цэргийн жендерийн зөвлөх бэлтгэх сургалт”-ын нээлтийн арга хэмжээ боллоо.
Монгол Улсад НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэнгээс анх удаа зохион байгуулж буй энэхүү олон улсын сургалт нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд жендерийн хэтийн төлөвийг үр дүнтэй тусгах, цэргийн жендерийн зөвлөхийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.
Уг сургалтад UNISFA, MONUSCO, UNMISS, UNDOF, UNTSO, MINURSO зэрэг НҮБ-ын 6 ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид, Бангладеш, Бельги, Бразил, Канад, Чили, Гана, Индонез, Казахстан, Монгол, Марокко, Балба, Тунис, Замби зэрэг 13 улсын цэргийн алба хаагчдын төлөөлөл хамрагдаж байна.
Тус сургалтаар оролцогчид НҮБ-ын “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд жендерийн асуудлыг ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд тусгах арга зүй, жендерийн зөвлөхийн чиг үүрэг, зөвлөх үйлчилгээ, манлайллын ур чадвар зэрэг чиглэлээр мэдлэг, туршлагаа дээшлүүлнэ.
Энэхүү сургалт нь Монгол Улс, НҮБ болон НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэнгийн цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд жендерийн мэдрэмжтэй хандлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт юм.








Нийгэм





