Dark Light
Нийгэм | 2026-07-22

5000 ӨРХИЙГ ХИЙН ХАЛААЛТАД ШИЛЖҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаанаар 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний явц болон Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжүүлэх Нүүрс-пиролизын үйлдвэр төслийн хэрэгжилтийг хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4128 өрх буюу нийт 5000 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлээд байна.
Энэ нь гэр хорооллын айл өрхүүдийг утаагүй, илүү цэвэр, аюулгүй халаалтын шийдэлд үе шаттайгаар шилжүүлэх ажлын бодит үр дүн болж байна.
Ирэх өвлийн бэлтгэлийг хангах хүрээнд 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авах нээлттэй тендерийг зарлаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 180 мянган тонн эрчим хүчний нүүрс татан авч эхэлсэн.
Үүнээс 120 мянган тонноор шахмал түлш үйлдвэрлэн айл өрхүүдийг хангах, үлдсэн 60 мянган тонныг дулаан, эрчим хүч үйлдвэрлэх байгууллагуудад нийлүүлэх юм.
Цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих ажлын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа, Зүүнсалааны 800 айл өрхийг цахилгаан халаалтад шилжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусгасан.
Мөн Азийн хөгжлийн банкны JFPR сангийн буцалтгүй тусламжаар 303 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлж, карбон кредит тооцох "Цэвэр эрчим хүчний шилжилт" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Нүүрс-химийн цогцолбор" төслийн хүрээнд Багануурын уурхайг түшиглэн Монгол Улсын анхны Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлж байна.
Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор Багануурын хүрэн нүүрсийг гүн боловсруулж, өндөр чанарын хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Хуралдааны төгсгөлд "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай" Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолыг баталж, хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир холбогдох байгууллагуудад өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16