Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.07.22) болж, зам, тээврийн салбарт хэрэгжиж буй томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлын явц, Үндэсний их баяр наадмын өдрүүдийн бэлэн байдалд ажилласан ажлын тайлан, өвөлжилтийн бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд өмнөх шуурхай хурлаар өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, ажлын явц, гүйцэтгэлийг танилцуулав.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ШАТАХУУНЫ НӨӨЦӨД ОНЦГОЙ АНХААРАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хуралдааны эхэнд Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийг танилцуулж, салбар тус бүр бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэн, өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж ажиллахыг үүрэг болголоо. Нэн ялангуяа түлш, шатахууны нийлүүлэлт хүндрэлтэй байгаа энэ үед байгууллага тус бүр шатахууны нөөцөө зөв төлөвлөж бүрдүүлэх, газрын тосны тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх, төмөр замын тээвэрлэлт, хөдөлгөөний зохицуулалтад онцгой анхаарч ажиллахыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-д даалгав.
Мөн Төмөр замын газар болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-д Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл, нүүрсний тээвэрлэлтийг тогтвортой зохион байгуулах, хөдлөх бүрэлдэхүүний хүрэлцээг нэмэгдүүлэх боломжийг судалж, шаардлагатай тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхийг чиглэл болголоо.
ТӨМӨР ЗАМЫН САЛБАРТ ХЭРЭГЖИЖ БУЙ СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛАВ
Төмөр замын газар, "Тавантолгой төмөр зам" ХХК-д хил холболтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, “Монголын төмөр зам” ТӨХК-д нүүрсний экспортын тээврийг төлөвлөгөөний дагуу тасралтгүй зохион байгуулахыг үүрэг болголоо.
Мөн төмөр замын салбарт хэрэгжиж буй хоёр том төсөл болох Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам болон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай салбарын сайд ойрын өдрүүдэд биечлэн танилцаж ажиллана гэв. Бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох удирдлагуудад анхаарууллаа.
ОРОН НУТГИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХЫГ САНУУЛАВ
Баяр наадам, тэмдэглэлт ойг албан ёсоор өндөрлөхийг сануулаад, ирэх сараас хичээлийн шинэ жил эхэлж, орон нутгийн авто замын хөдөлгөөн эрчимжихтэй холбогдуулан авто замын ашиглалт, засвар арчлалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо.
Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд гарсан ослын дийлэнх нь орон нутгийн авто замд бүртгэгдсэнийг онцолж, Зам, тээврийн яам, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба болон аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг чиглэл болгов.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАР НИСЛЭГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦӨД АНХААРАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Аялал жуулчлалын ид үе үргэлжилж байгаатай холбоотойгоор агаарын тээврийн компаниуд ачаалал ихтэй, 24 цагаар ажиллаж байна. Тиймээс “МИАТ” ТӨХК нислэгийн аюулгүй ажиллагаа, нисгэгчдийн хөдөлмөрийн нөхцөл, амралтын цагийн зохицуулалтад анхаарч ажиллахыг санууллаа.
Мөн түлш, шатахууны нөөцийг урьдчилан бүрдүүлж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болголоо.
ИНЕГ, ИНҮТ-д “Цэнхэр барилга”-ын засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг дахин сануулав.
COP17 ОЛОН УЛСЫН ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ӨНДӨР ТҮВШИНД БЭЛТГЭЖ АЖИЛЛАХЫГ ДААЛГАВ
Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр дэлхийн 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч хүрэлцэн ирэхтэй холбогдуулан зочдыг аюулгүй, саадгүй зорчих нөхцөл, ачаа тээшний найдвартай үйлчилгээ, тээврийн зохион байгуулалтыг өндөр түвшинд хангаж ажиллахыг Ажлын хэсгийнхэнд болон холбогдох байгууллагуудад чиглэл болгов.
ТӨСӨВ ХҮНДЭРЧ БУЙ ҮЕД НЭМЭЛТ ТОМИЛГОО ХИЙХГҮЙ БАЙХ, НӨӨЦ БОЛОМЖДОО ТУЛГУУРЛАН АЖИЛЛАХЫГ САНУУЛАВ
Зам, тээврийн яам болон харьяа байгууллагуудыг төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд нөөц боломждоо тулгуурлан үр ашигтай ажиллах, нэмэлт томилгоо хийж шаардлагагүй зардал гаргахгүй байх, байгууллагын дотоод зохион байгуулалтаа сайжруулж, албан хаагчдыг бүтээмжтэй ажиллахыг санууллаа.
Хурлын төгсгөлд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан салбар тус бүрийн танилцуулсан асуудлуудтай холбогдуулан тодорхой үүрэг, чиглэл өгч, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг нийт удирдлагуудад үүрэг болгов.
АДМИН







Нийгэм





