Dark Light
Нийгэм | 2026-08-17

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 1 САЯ ТӨГРӨГ БОЛГОН ШИНЭЧИЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос ажилтны цалин, орлогыг инфляц, үнийн өсөлт, амьжиргааны бодит хэрэгцээтэй уялдуулан нэмэгдүүлэх талаар удаа дараа тавьсан санал, шаардлагын үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 792,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг болгон шинэчлэн тогтоолоо.
Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ:
  • сард 208,000 төгрөгөөр;
  • өмнөх хэмжээнээс 26.3 хувиар нэмэгдэж байна.
АЖИЛТАН БҮР ЖИЛД 1.2 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,000,000 төгрөг болгон шинэчилсэнтэй уялдан 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нийт ажилтан, албан хаагчийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг ХХДХ-ээр тооцно.
Өөрөөр хэлбэл, ажилтан бүрийн сарын орлогын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 1,000,000 төгрөгт ногдох 100,000 төгрөгийн татварыг хөнгөлнө.
Ингэснээр цалингийн хэмжээнээс үл хамааран нийт ажилтан, албан хаагч:
  • сард 100,000 төгрөг хүртэл;
  • жилд 1,200,000 төгрөг хүртэлх ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.
Энэ нь зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг ажилтанд бус, нийт ажилтан, албан хаагчид хамаарах бодит дэмжлэг юм.
 
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь энгийн ажил эрхэлж буй ажилтанд олгох үндсэн цалин, хөлсний хуулиар баталгаажуулсан хамгийн доод хязгаар юм. Ажил олгогч ажилтны үндсэн цалинг энэ хэмжээнээс доогуур тогтоох эрхгүй.
Харин тодорхой боловсрол, мэргэжил, ур чадвар шаардсан ажлын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хуулиар хориглодог. Ийм ажил эрхэлж буй ажилтны цалин нь мэргэжлийн ур чадвар, ажлын нөхцөл, ачаалал, хариуцлагатай уялдан 1,000,000 төгрөгөөс өндөр байх ёстой.
 
ХХДХ-ИЙГ ХЭРХЭН ТОГТООДОГ ВЭ?
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчид болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын тэгш оролцоотой Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэн тогтоодог.
Ингэхдээ:
  • хүн амын амьжиргааны доод түвшин;
  • инфляц, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт;
  • хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалин;
  • эдийн засгийн өсөлт;
  • хөдөлмөр эрхлэлтийн түвшин;
  • бүрэн тэтгэврийн доод хэмжээ зэрэг нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг харгалзан үздэг.
АЖИЛТАН БОЛОН ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр:
  • бага цалинтай ажилтны орлого, нийгмийн баталгаа дээшилнэ;
  • нийт ажилтны татварын ачаалал буурч, гар дээр авах бодит орлого нэмэгдэнэ;
  • өрхийн худалдан авах чадвар сайжирна;
  • “ажилтай ядуурал”-ыг бууруулахад дэмжлэг болно;
  • цалингийн хэт ялгааг багасгана;
  • салбар, байгууллагын цалингийн шатлалыг шинэчлэх суурь бүрдэнэ;
  • хамтын гэрээ, хэлэлцээрээр цалинг нэмэгдүүлэх боломж өргөжнө;
  • ажилтны тогтвор суурьшил, хөдөлмөрийн бүтээмжид эерэг нөлөө үзүүлнэ;
  • дотоодын хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээний эрэлтийг дэмжинэ.
САЛБАРЫН ДООД ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮНДЭС БҮРДЭНЭ
 
Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,000,000 төгрөг болсон нь бүх салбарын цалинг ижил хэмжээнд тогтооно гэсэн үг биш юм. Салбарын үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид хамтын хэлэлцээрээр улсын ХХДХ-ээс нэмэгдүүлэн салбарын доод цалинг тогтоох боломжтой.
Тухайлбал, улсын ХХДХ-тэй уялдуулан:
  • 1.2 дахин тогтоосон салбарт — 1,200,000 төгрөг;
  • 1.3 дахин — 1,300,000 төгрөг;
  • 1.5 дахин — 1,500,000 төгрөг;
  • 1.6 дахин — 1,600,000 төгрөг;
  • 2 дахин — 2,000,000 төгрөг;
  • 2.2 дахин — 2,200,000 төгрөгийн доод цалин тогтоох үндэс бүрдэж байна.
МҮЭ-ИЙН ХОЛБОО ЦАЛИН ХӨЛСИЙГ БОДИТОЙ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА
 
МҮЭ-ийн холбоо энэхүү шийдвэрийг ажилтны хөдөлмөрийн үнэлэмж, цалин орлого, нийгмийн баталгааг дээшлүүлэхэд чиглэсэн чухал үр дүн гэж үзэж байна.
Цаашид ХХДХ-ийн шинэ хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага бүрэн мөрдөх, мэргэжил, ур чадвар шаардсан ажилтны цалинг ХХДХ-ээр тогтоохгүй байх, салбарын болон байгууллагын цалингийн сүлжээ, шатлалыг шинэчлэхэд хяналт тавьж ажиллана.
Мөн цалингийн өсөлтийг үнийн өсөлтөөр үнэгүйдүүлэхгүй байх, ажилтны бодит орлогыг хамгаалах, цалин хөлсийг инфляц болон хөдөлмөрийн бүтээмжтэй тогтмол уялдуулдаг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.
ХХДХ-ийн өсөлт бол зөвхөн доод цалингийн өөрчлөлт биш. Энэ нь нийт ажилтны татварын ачааллыг бууруулж, бодит орлогыг нэмэгдүүлэх шийдвэр юм.

Эх сурвалж | Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00