Dark Light
Нийгэм | 2026-09-02

1072 ХУВЬЦАА АМИЛАХ БОЛОМЖ БУЮУ ЛАА, ЛУУВАНГАА ИДЭХ ЭРХ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрөгч даваа гарагт 2027 оны төсвийн төслөө “Монголын баялгаа монголчууддаа” гэсэн зорилго, агуулга дор өргөн барихаа мэдэгдэж, ирэх онд хэрэгжүүлэх есөн шийдвэрээ танилцуулав. 
Залуу Ерөнхий сайд Н.Учралын нэрээр ирэх он жилүүдэд авторлагдаж үлдэх есөн шийдвэрийн онцлох нэг нь 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэх асуудал юм. Улстөрч бүрийн ярьдаг, улс төрийн намуудын амлалтад голлох байр эзэлдэг амьтай гэх атлаа амьгүй хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдийн амьдралд бодит дэмжлэг болгох тухай тэд олон жил амаа цангатал ярьсан даа. 
Гэсэн ч 2012 онд “Эрдэнийн хувь” хэмээн иргэн бүртээ хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш найман жилийн дараа л монголчууд анх удаа ногдол ашиг гэх өдрийн хоолны мөнгө авсан нь худлаа биш юм. Жил бүр яг ийм зарчмаар хумсын төдий мөнгөөр аргацаасаар энд хүрчээ. Тэгвэл олон жилийн дуусдаггүй ярианы нэг болсон “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани болгож, Хөрөнгийн бирж дээр гаргах, олон улсын хараат бус санхүүгийн аудит хийлгэсний дараа 1072 хувьцааг нээлттэй арилждаг болгосноор хувьцааны өнөөгийн ханш буюу 933 төгрөгийн үнэлгээ багадаа 2000 төгрөгт хүрэх боломжтойг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. 
 
Цэнхэр, ягаан тасалбарын алдааг давтах уу 
 
“1072 хувьцаа ам орно, үнэлгээ өснө. IPO гаргаснаар “Эрдэнэс Тавантолгой” олон нийтийн хяналттай, аудитаар үргэлж хянуулдаг, улстөрчдийн шахаанаас ангид компани болно” гэх мэдээлэл эрчимтэй түгж эхлэхтэй зэрэгцэн “анти” баг ч ажилдаа орцгоожээ. 1991-1994 оны өмч хувьчлалаар тараасан хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр, ягаан тасалбарын алдааг давтах нь ээ, мөнгөтэй хэсэг нь иргэдийн 1072 хувьцааг худалдаж авснаар “Эрдэнэс Тавантолгой”-г иргэдийн хяналтаас гаргах гэж байна гэсэн хардлага, болгоомжлол явж эхлэв. Ийм сэдэв хөндөгдөх нь зүйн хэрэг. 
Гэхдээ Ардчилсан Монгол Улсын иргэд гар утас, хашаа байшин худалдан авахдаа хэнээс ч асуух, зөвшөөрөл хүсэх шаардлагагүй. Орох орон, оочих аягагүй үлдсэн ч мөнгөний хэрэгцээ гарвал хашаа, байшингаа худалдах эрх нь ч тэр хүнд бий. Лаагаа, луувангаа идэх нь хүний эрх байдагчлан 1072 хувьцаагаа үнэд хүргэж зарах, эсвэл бэлэглэх, цаашлаад өвлүүлэх эрхийг нь чөлөөтэй нээснээрээ цаасан дээрх тоо, хувьцаа нь амь орж байгаа боломж юм. Өөрийнхөө хууль ёсны үнэт цаас болсон 1072 хувьцаагаа зараад сургалтын төлбөртөө нэмэрлэх, хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл авах уу гэдэг нь ч нээлттэй байх боломжийг энэхүү өөрчлөлт, шинэчлэлт ч бий болгоно. 
Товчхондоо, Доржийн халаасанд байгаа гэх атлаа Доржид ямар ч үр ашиг өгөхгүй, жилийн 200 мянган төгрөгийн ашигтай царцсан хувьцааг амь оруулж буй хэлбэр гэдгийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай сошиал сүлжээнд оруулсан мэдэгдэлдээ онцолжээ. Тэрбээр, “14 жилийн хугацаанд хувьцаагаа яаж захиран зарцуулах, бодитоор хэрхэн миний, таны өмч болох вэ, амь оруулах гарц гаргалгаа байгаа эсэхийг ярилаа. Засгийн газар болгон эцэслэн шийдэх гэж оролдож ирсэн. 
Энэ удаагийн Засгийн газар таны хувьцааг жинхэнэ утгаар бодит өмч, үнэт цаас болгох хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барьж байна. УИХ-аар эцэслэн батлагдвал та, бидний 1072 хувьцаа жинхэнэ утгаараа арилждаг, эдийн засгийн эргэлтэд оруулдаг, хүсвэл хөрөнгийн биржид арилждаг, идэвхтэй харилцаанд оруулах боломж бүрдэх юм. Бидэнд сургамж бий. Цэнхэр, ягаан тасалбар буюу амь ордоггүй, зүгээр нэг цаасан дээр байдаг үнэт цаас биш тасалбар байсан. Энэ алдааг засаж, 1072 хувьцааг иргэний өмч болгож, бодитоор захиран зарцуулах эрхийг нээнэ. Монголын баялгийг монгол иргэн бүр хүртэх боломж бүрдэнэ” хэмээлээ. Өөрөөр хэлбэл, цэнхэр, ягаан тасалбар иргэнд ямар хэрэгтэй талаар тухайн үед хэн ч мэдээлэл өгөөгүй. Арай илүү сийрэг толгойтой цөөнх хэсэг нь мэдээлэлгүй нийт олонхын тасалбарыг шуудай гурилаар худалдан авч, хөрөнгөжсөн нь үнэн. Шуудай гурилаар зарчихсан олон зуун хүмүүсийн нэг нь миний аав байв. Зах зээлийн нийгэмд дөнгөж хөл тавьж байсан гэнэн үеийг бид өнөөдөр хэдийн давж, нийт олонх нь Хөрөнгийн бирж, хувьцааны ашиг, ирээдүйд олох, орж ирэх ашгийн талаар мэдээлэлтэй болчихсон нь бас үнэн. Тэр утгаараа 933 төгрөгөөс 2000 давж үнэлэгдэх хувьцаагаа шуудай гурилаар солих уу, эсвэл жил бүхэн ашгаа хүртэж, хяналтаа тавиад явах, үлдэх үр хүүхдэдээ үлдээх өв болгох уу гэдгээ ойлгох мэдлэгтэй, мэдээлэлтэй шинэ үе ирчхээд байна. 
 
Улстөрчдийн халааснаас салгах боломж нь олон нийтийн хяналт 
 
Монгол Улсын иргэн бүрд 1 сая төгрөгтэй дүйцэхүйц “Эрдэнийн хувь” буюу 1072 хувьцаа тарааснаас хойш 14 жилийн хугацаанд монголчууд таван удаа ногдол ашиг авчээ. Нэг монгол хүн 918.000 төгрөг авсан гэсэн үг. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсан цагаас хойш 200 сая тонн нүүрс олборлож, 43.5 их наядын борлуулалтын орлого бүрдүүлж, улсад 12.1 их наядын татвар төлж, 13.2 их наядын цэвэр ашигтай ажиллажээ. Эндээс “тогооны хусам” төдийг л иргэндээ ногдол ашиг гэж тараасан гэхээр үлдсэн мөнгө нь хэний халаас руу, хэрхэн ямар замаар гулгаж орсон бэ гэдэг нь олон жилийн турш бидний талцаж хэрэлдэх, жагсаж тэмцэх сэдэв болжээ. “Нүүрсний хулгай” гэх тусдаа сэдэвтэй болтлоо Тавантолгойн бүлэг ордоо тойрч хэрэлдэж, уралцлаа. 
Улстөрчид нь ашиглахгүй дугуй, сэлбэг хэрэгсэл, тэр байтугай бэлгэвч хүртэл шахаж байсан гашуун хийгээд гунигтай, инээдэмтэй түүх бий. Хөгжлийн банкны өрөнд орчихсон, БНХАУ-ын “Чалько” компанид урьдчилан нүүрсээ барьцаанд тавиад халамж хэлбэрээр тараачихсан, ковидын хатуу хөл хорионы үеэр хилээр хяналтгүй, бүртгэлгүй гаргаад явуулчихсан, жилд 50 сая тонны цэвэр нүүрс олборлох том ордоо хятадуудад үнэгүй шахуу бэлэглэчихсэн гээд Тавантолгойг тойрсон зодоон, толхицоон олон жил Монгол Улсыг, монголчуудыг туйлдууллаа. “Цаашдаа ч энэ хэвээр явсаар байх уу” гэдэг асуултад Н.Учралын Засгийн газар “үгүй” гэсэн хариулт өгсөн нь том амжилт. 
“Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй компани болгох дуусдаггүй яриа дууссанаар төрийн нэрээр улстөрчдийн хянаж, өмчилж буй хувьцаа бүртгэл төдий бус бүрэн мөнгөжсөн хувьцаа болно. Алдагдсан боломж, аваагүй ашгийнхаа араас “Нүүрсний сонсгол” хийж харамсаж суух бус олуулаа өмчлөх, хянах боломжийг бүрдүүлж өгөх  нь ээ. Улстөрчдийн шахаа, цүнх баригчдын үүр болсон гэх компанийг олон нийтийн хараа хяналтад оруулж, баялгаа өөрсдөө хянах боломж ирэх юм билээ. Өнөөдрийн байдлаар олон улсын хөндлөнгийн санхүүгийн аудит хийгдэж дууссан бөгөөд хөрөнгийн болон бизнесийн үнэлгээний ажил эхэлснийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж мэдэгджээ. Дуусдаггүй олон жилийн яриа дундаасаа өнгөрчихлөө гэсэн үг. УИХ-ын намрын чуулган хийгээд улстөрчид нь төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хувьцааг амь оруулах, хяналтыг бүрэн утгаар бий болгох хуулийн төслийг баталж гэмээ нь монголчууд баялгийн хараалаас холдож, ерөөлд орох зам илүү дөт, илүү ойртох боломж бүрдэнэ.
Монголын заяа их гэдэг сэн. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00