Боловсролын сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Л.Энх-Амгалан : "Монголын төрийг бутаргаж байгаа "түгжилмаа" бол УИХ гишүүн А.Ариунзаяа ба түүний нөхөд гэдгийг албан ёсоор зарлая. А.Ариунзаяагийн зөвлөх Б.Батцэцэг гээд бүсгүйг 2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллаж байхдаа би Санхүү Хөрөнгө Оруулалтын газрын даргаар тавьж байсан юм. Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр хүртэл итгээд тавьж байсан. Харин намайг ажлаа өгсний дараа надтай өс зангидсан. Яамныхантайгаа өс зангидсан. Манай боловсролын яамны 2 дахь Сийлэгмаа болсон хүн юм.
Ингээд л хаа явсан газраа "боловсролын яамтай холбоотой бүх файл надад байгаа шүү" гэж явдаг болсон. Энэ эмэгтэй А.Ариунзаяа гишүүнд тэр файлыг санаатайгаар өгсөн.
Харин энэ файл баримт нотолгоотой үнэн зүйл шүү гэж олон нийтэд буруу сэвсэн хүн бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун.
УИХ дээр зөвхөн 2026 оны улсын төсвийн тодотгол өргөн баригдсан. Улсын төсвийн тодотголд Гэрт ойр сургууль- Хамгийн сайн сургууль хөтөлбөрт 50 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Энэ 50 тэрбумын задаргааг танилцуулбал ачаалал өндөртэй байршлуудад түрээс тоног төхөөрөмжийн нөхөн хангалтад 13,9 тэрбум төгрөг. Бага ангийн шинэчилсэн хөтөлбөртэй холбоотой орчин сайжруулалтад 18,7 тэрбум төгрөг. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 12 төрөлжсөн ахлах сургуульд 15 тэрбум төгрөг. Хувийн сургуулийн сул орон зайг ашиглах, төрийн бус өмчийн сургуулийн сул орон зайг ашиглах зардалд 2,4 тэрбум төгрөг байгаа юм. Энэ 2,4 тэрбум гэдэг тоо бол улсын хэмжээний тоо шүү.
Ард иргэдийг бухимдуулж байгаа тэр файлд нэг сургууль дээр 3,4 тэрбум төгрөг гэж харагдаж байгаа. Энэ бол санаатай гүжир гүтгэлэг юм. Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар гээд Монгол улсын засгийн газарт төлөвлөсөн ажлаа танилцуулах зэргээр хэдэн мянган файл бэлтгэж хоорондоо солилцдог. Энэ олон зуун файлын нэгийг нь сугалж аваад иргэдэд буруу ойлголт өгөхүйц тараасан нь энэ" гэлээ.
Г.ГАНЦЭЦЭГ






Нийгэм




