БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл дэх Монгол Улсын давамгайлал ирэх жилүүдэд улам бэхжиж, экспортын хэмжээ түүхэн дээд цэгтээ хүрэхээр байна. Олон улсын түүхий эдийн судалгааны Mysteel агентлагийн шинжилгээгээр, 2027 онд Хятад улс Монголоос авах коксжих нүүрсний импортоо 82–95 сая тоннд хүргэх төлөвтэй байгаа гэнэ. Энэ нь 2025 оныхоос 42–58 хувиар өссөн үзүүлэлт юм.
Энэхүү огцом өсөлтийн ард хоёр гол хөдөлгөгч хүч бий:
- Төмөр замын шинэ холболт: Экспортын гол түлхэц нь Гашуунсухайт—Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр зам болох юм. Тус төслийн 291 тулгуурын бүтээн байгуулалт дуусаж, ажил 50 орчим хувьтай үргэлжилж байгаа. Засгийн газар уг замыг 2027 оны 4 дүгээр сард ашиглалтад оруулж, туршилтын тээврийг эхлүүлэхээр төлөвлөжээ.
- БНХАУ-ын дотоодын хомсдол: Хятадын дотоодын нүүрсний нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байгаа нь Монголын коксжих нүүрсний эрэлтийг дээд цэгт нь байлгах гол шалтгаан болж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс Хятадын коксжих нүүрсний импортын тавь гаруй хувийг дангаараа хангаж байгаа билээ. Энэ оны эхний хагаст экспорт хэдийнэ 40 сая тонныг давсан бөгөөд одоогийн эрчээрээ оны эцэст 82–84 сая тоннд хүрэхээр байгаа нь ирээдүйн 95 сая тонн гэх зорилт бодитой болохыг баталж байна.
Монгол Улс хамгийн гол тоглогч бөгөөд бусад өрсөлдөгчдөө хол хаяж, зах зээлийг тэргүүлж байна
Одоогийн байдлаар Хятадын коксжих нүүрсний импортын 51 хувийг буюу тал гаруйг нь Монгол Улс дангаараа хангаж байгаа бөгөөд ирэх жилүүдэд энэ давамгайлал улам нэмэгдэхээр байна. Бусад томоохон экспортлогч орнуудтай харьцуулбал:
- Орос улс Хятадын зах зээлд хоёрдугаарт бичигдэж байгаа ч нийлүүлэлт нь буурч байна. Олон улсын хориг арга хэмжээ болон тээвэр логистикийн гацаанаас шалтгаалан Оросын нүүрсний экспорт Хятад руу бараг 20 хувиар унаад байгаа бөгөөд алдсан орон зайг нь Монгол Улс нөхөж байгаа юм.
- Австрали улс өмнө нь Хятадын гол нийлүүлэгч байсан ч улс төрийн маргааны улмаас тавигдсан хоригийн дараа байр сууриа бүрэн алдсан. Одоо хориг цуцлагдсан ч далайн тээврийн зардал өндөр, уур амьсгалын тогтворгүй байдлаас болоод экспорт нь сэргэж чадахгүй, харин ч буурах хандлагатай байна.
- Индонези улс Хятад руу нийт нүүрсний хэмжээгээр том нийлүүлэгч боловч тэднийх ихэвчлэн цахилгаан станцын зориулалттай эрчим хүчний нүүрс байдаг. Харин гангийн үйлдвэрт ашигладаг коксжих нүүрсний чанар, хэмжээгээр Монгол Улсыг гүйцэхгүй.
Товчхондоо, Монгол Улс Хятадтай шууд хил залгаа, хуурай замаар тээвэрлэдэг тул далайн тээврийн зардлаас хараат бус, үнэ хямд байж чаддаг. 2027 онд шинэ төмөр зам ашиглалтад ороход Орос, Австралийн далайн тээврийн нүүрс Монголын нүүрстэй үнийн хувьд өрсөлдөх боломжгүй болох юм.
ТАТАР МАЙДАР






Эдийн засаг




