Харвардын Кеннедийн сургуулийн албан ёсны цахим хуудас Harvard Kennedy School-д нийтлэгдсэн Олон улсын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал, хатагтай Фатема З. Сумартай хийсэн ярилцлагыг Zogii уншигчдадаа толилуулж байна.
Харвардын Олон улсын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал, Кеннедийн сургуулийн олон нийтийн бодлогын туслах багш Фатема З. Сумар АНУ-ын Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд болсон ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар "Найрамдал" медалиар шагнагдлаа. Энэхүү хүндтэй шагнал нь Улаанбаатар хотод нүүрлээд байсан усны гүн хямралаас урьдчилан сэргийлж, хоёр сая гаруй оршин суугчийн усны хүртээмжийг нэмэгдүүлсэн Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын өртөгтэй "Монголын Усны компакт" гэрээг түүний зүгээс амжилттай удирдсаныг үнэлсэн хэрэг юм. Мянганы сорилтын корпорац нь дэлхийн ядуурлыг бууруулах зорилгоор АНУ-ын Конгрессоос 2004 онд байгуулсан бие даасан гадаад тусламжийн агентлаг бөгөөд Фатема Сумар Харвардад ирэхээсээ өмнө тус агентлагийн гэрээний хэрэгжилтийг хариуцан ажиллаж байжээ. Ингээд Монголын компакт гэрээ юугаараа онцлог байсан, усны хүртээмж яагаад хөгжлийн чухал асуудал болох, мөн энэхүү төслийг дуусгахад юу шаардагдсан талаар түүнтэй ярилцсаныг хүргэж байна.
Энэхүү ажлын үр дүнд Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлэгдэж, шагнал хүртэх нь таны хувьд ямар утга учиртай байна вэ?
— Миний бие Мянганы сорилтын корпорацын хамт олон байсан Жонатан Брүүкс, Кумар Ранганатан нарын хамтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэхүү хүндэтгэлийг хүлээж авсандаа туйлын баяртай байгаа бөгөөд хоёр улсын хамтран бүтээсэн амжилтаар маш их бахархаж байна. Миний хувьд 2015 онд энэхүү компакт гэрээг анх эхлүүлэхээр очиж байснаас хойш Монгол орон миний зүрх сэтгэлд онцгой байр суурь эзлэх болсон. Түүнээс хойш би Монголд маш олон удаа, тэр дундаа өвлийн тасхийм хүйтнээр ч очиж ажиллаж байлаа. Энэ хугацаанд Монголын Засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагуудтай нягт харилцаа тогтоож, Улаанбаатар хотын усны сорилтыг шийдвэрлэхэд урт хугацааны шийдэл ямар их үгүйлэгдэж байсныг биеэрээ харсан. Миний хувьд энэхүү "Найрамдал" медаль нь зөвхөн бидний барьж байгуулсан дэд бүтцийг биш, харин хоёр улс болон олон нийтийн хооронд үүссэн гүн итгэлцэл, нөхөрлөлийг илэрхийлж байгаа хэрэг юм. Энэхүү шагнал нь үнэндээ маш том хамтын зүтгэлийн үр дүн билээ. Үүний цаана арван гаруй жилийн нөр их хөдөлмөр явсан бөгөөд Монгол, АНУ-ын маш олон хүмүүс үүнийг хэрэгжүүлэхийн тулд цуцалтгүй ажилласан. Мянганы сорилтын корпорацын Монгол дахь баг болон Мянганы сорилтын сангийн хамт олонд ажлаа гайхалтай сайн гүйцэтгэсэнд нь тусгайлан баяр хүргэе.
Та тус агентлагт гэрээний хэрэгжилт, дэд бүтэц, техникийн ажлыг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Монголын Усны компакт гэрээг бусад төслүүдээс юу онцгой болгодог вэ?
— Тус агентлагийн үндсэн зорилго бол эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах явдал байдаг. Монголд хийсэн ажлын хувьд нийслэл хотын усны хомсдолыг маш цогц байдлаар шийдвэрлэснээрээ үнэхээр онцгой байлаа. Улаанбаатар хотод Монголын нийт хүн амын бараг тал хувь нь амьдардаг тул компакт гэрээний хүрээнд асуудалд маш өргөн хүрээнд хандаж, нөлөөлөлд өртөж буй иргэдтэй шууд зөвлөлдсөн юм. Бид зүгээр нэг шинэ ус цэвэршүүлэх үйлдвэр бариад орхисонгүй. Харин гүний усны шинэ худаг, дэвшилтэт технологийн ус цэвэршүүлэх байгууламж, мөн Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг багтаасан нэгдсэн системийг бий болгож, үүний зэрэгцээ бодлого, институцийн шинэчлэл болон боловсон хүчнийг чадавхжуулах ажлыг хамт хийсэн. Энэ төсөл бол миний хэлэх дуртай "хөгжлийн дипломат ажиллагаа" бодитоор хэрэгжсэний тод жишээ юм. Хөгжлийн хөрөнгө оруулалтын техникийн дүн шинжилгээнээс гадна бүх талуудыг нэг зүгт харуулахын тулд асар их дипломат хүчин чармайлт шаардагдсан. Миний бие тус гэрээ дээр ажиллаж байх хугацаандаа Вашингтон болон Улаанбаатар хотын хооронд бодлогын тэргүүлэх чиглэлүүд, цаг хугацаа, төсвийг уялдуулах, гарч ирсэн олон сорилтуудыг даван туулахын тулд маш их цагийг зарцуулсан. Ийм нарийн төвөгтэй хөрөнгө оруулалт нь техникийн мэдлэг чадварыг дипломат ажиллагаа, улс төрийн дэмжлэг, итгэлцэл болон засгийн газар, удирдлагууд солигдсон ч тууштай үргэлжлэх дундаж зорилготой хослуулж чадсан үед л амжилтад хүрдэг.
Энэхүү компакт гэрээ нь Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсөж буй үед усны хямралаас урьдчилан сэргийлэх зорилготой байсан. Төслийн гол зорилго юу байв?
— Хөдөө орон нутгаас нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хүн ам маш хурдацтай өссөн. Олон нүүдэлчин өрхүүд хотын захын гэр хороололд суурьшсан бөгөөд тэндэхийн оршин суугчдад төвийн шугамд холбогдсон цэвэр ус гэх мэт наад захын суурь үйлчилгээ дутагдаж байлаа. Монгол Улсын нийт хүн амын бараг тэн хагас, эдийн засгийн үйл ажиллагааны дөрвний гурав нь нийслэлд төвлөрсөн нь хотын хязгаарлагдмал гүний усны нөөцөд асар том дарамт учруулж эхэлсэн юм. Биднийг төслийн дизайныг гаргаж байх үед усны хэрэглээний эрэлт 2021 он гэхэд л нийлүүлэлтээсээ давж гарахаар тооцоологдсон байв. Энэ бол зөвхөн усны асуудал биш байсан. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг боомилж буй гол хүчин зүйл бөгөөд иргэдийн, ялангуяа усны хүртээмж муутай бүлгүүдийн амьдралын чанарт заналхийлж буй ноцтой эрсдэл байлаа. Компакт гэрээ нь айл өрх, худалдаа, үйлдвэрлэлийн хэрэглэгчдэд зориулсан аюулгүй, тогтвортой усны хангамжийг бий болгосноор тэрхүү хямралыг хаах зорилготой байв. Гол зорилго нь хотын хэрэгцээг ирэх хэдэн арван жилийн турш бүрэн хангаж, ажлын байр, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийн бат бөх суурийг тавих явдал байлаа.
Уг гэрээний үр дүнд Улаанбаатар хотын усны хангамж бараг 80 хувиар нэмэгдэж, 2.4 сая гаруй хүн үр ашгийг нь хүртэхээр байна. Энэхүү амжилтад хүрэхэд юу нөлөөлсөн бэ?
— Бүх зүйл асуудлыг анхнаас нь зөв тодорхойлсноос эхэлсэн. Тус агентлагийн баримтад тулгуурласан загварыг ашиглан Монгол Улсын Засгийн газартай хамтран эдийн засгийн өсөлтөд тушаа болж буй гол саад бэрхшээлүүдийг хамтран шинжилсэн юм. Энэхүү дүн шинжилгээгээр бүтээмж өндөртэй салбарууд болон ядуу буурай иргэдийн хувьд ус, ариун цэврийн байгууламжийн өртөг өндөр, хүртээмж муу байгаа нь Монголын өсөлтийг хязгаарлаж буй хамгийн том бэрхшээл болохыг тогтоосон. Ингэснээр хоёр улс үндсэн асуудлаа нэг мөр, шинжлэх ухаанчаар ойлгож, урьдчилан бэлдсэн шийдэл тулгахын оронд яг тэрхүү асуудал руу чиглэсэн гэрээний дизайныг гаргах боломж бүрдсэн юм. Үүний дараа хотын гүний усны хангамжийг өргөжүүлэх, усыг хотын хэрэглээнд зориулан цэвэршүүлэх, мөн дулааны цахилгаан станцууд болон бусад үйлдвэрүүдийг ундны цэвэр уснаас хамааралтай байхыг багасгахын тулд хаягдал усыг дахин боловсруулж ашиглах нэгдсэн шийдлийг боловсруулсан. Мөн Монголын талын хариуцлага, оролцоо маш чухал байлаа. Монгол Улсын Засгийн газар 112 сая орчим ам.долларын хамтран санхүүжилт гаргаж, төслийн туршид хамтран ажилласан. Энэхүү амлалт, олон жилийн техникийн зүтгэл, итгэлцлийн ачаар цар тахал болон Украин, Ираны мөргөлдөөнөөс үүдэлтэй нийлүүлэлтийн сүлжээний тасалдал зэрэг гадаад хүчин зүйлийн маш том цочролуудыг үл харгалзан, энэхүү нарийн төвөгтэй хөтөлбөрийг хугацаанд нь, төсөвт нь багтаан дуусгаж чадсан юм.
Хөдөө аж ахуй, дэд бүтцээс гадна уг гэрээнд бодлогын шинэчлэл, хүний нөөцийн хөгжлийг багтаасан байдаг. Энэ нь яагаад тийм чухал вэ?
— Та хамгийн орчин үеийн, шилдэг үйлдвэрийг барьж байгуулж болох ч хэрэв орон нутгийн байгууллагууд түүнийг нь ажиллуулж, санхүүжүүлж, зохицуулж, олон нийтийн итгэлийг хүлээж чадахгүй бол хөгжлийн бодит үр нөлөө урт хугацаанд тогтож чадахгүй. Дэд бүтэц нь зөвхөн түүнийг хариуцаж буй хүмүүс болон институциуд нь хэвийн ажиллуулах чадавх, нөөц бололцоотой байж гэмээнэ тогтвортой байдаг. Тиймээс уг компакт гэрээ нь усны салбарын засаглал, ашиглалтын менежмент, санхүүгийн тогтвортой байдал, олон нийтийн мэдлэг болон шинэ системийг ажиллуулах мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хөрөнгө оруулалт хийсэн. Барилгын ажлын явцад 8200 гаруй ажлын байр бий болсны 92 хувийг монголчууд бүрдүүлсэн бөгөөд Монголын 187 инженер, техникийн ажилтнууд нарийн мэргэжлийн сургалтад хамрагдсан. Бид зөвхөн биет дэд бүтэц бариагүй, түүнийг ирэх арван жилийн турш авч явах хүний болон институцийн чадавхыг хамтад нь босгосон юм.
Кеннедийн сургуулийн оюутнууд хөгжлийн төслүүдийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар суралцахдаа таны туршлагаас авч болох гол сургамж юу вэ?
— Эхний сургамж бол асуудлыг хамгийн түрүүнд зөв тодорхойлох явдал юм. Бодлого боловсруулагчид асуудлыг бүрэн дүр зургаар нь харахаас өмнө өөрсдийн сонирхсон шийдэл рүү яаран орох гээд байдаг талтай. Хэрэв та асуудлыг буруу тодорхойлбол хичээл зүтгэл гаргаж, маш их хөрөнгө санхүүжүүлсэн ч буруу асуудлыг шийдэж, улмаар маш олон сөрөг үр дагавруудыг араасаа дагуулж болзошгүй. Хоёрдугаарт, сайн бодлогын дизайн зайлшгүй шаардлагатай боловч энэ нь дангаараа хангалттай биш. Хэн шийдвэр гаргах эрх мэдэлтэй байна, хэн зардлыг нь үүрч байна, хэн үр ашгийг нь хүртэж байна, хэний дуу хоолой орхигдсон байна, хүмүүсийг урт хугацаанд юу хөтлөх вэ гэдгийг ухаарах хэрэгтэй. Энэ нь хурлын өрөөнөөсөө гарч, иргэдийн үгийг сонсож, иргэний нийгмийн байгууллагуудтай зөвлөлдөж, зөвхөн техникийн түншүүдээс гадна өргөн хүрээний коалици бий болгохыг хэлнэ. Хөгжлийн үр дүнд улс төр маш чухал нөлөөтэй, дипломат ажиллагаа маш чухал, хамгийн гол нь итгэлцэл бүх зүйлийн суурь юм. Төгсгөлд нь, хөгжил бол цаг хугацаа шаарддаг ажил. Засгийн газрууд солигдож, тэргүүлэх чиглэлүүд өөрчлөгдөж, асуудлууд гэнэт гарч ирдэг. Бодлого боловсруулагчдад техникийн мэдлэг хэрэгтэй ч үүний зэрэгцээ улс төрийн мэдрэмж, даруу зан, сэтгэл хөдлөлийн IQ, тэвчээр болон өөр өөр соёл иргэншлийн дунд гүүр барих чадвар маш чухал. Монголын компакт гэрээ амжилттай болсон шалтгаан нь хоёр улсын хүмүүс арван гаруй жилийн турш нэгэн зорилгын төлөө тууштай зүтгэсэнд байгаа юм. Бодлого боловсруулагчид болон улс төрчид ямар нэгэн зүйлийг нурааж устгах нь маш амархан байдаг. Харин олон нийтийн эрх ашигт үйлчлэх, урт хугацаанд үлдэх баялаг, дэд бүтцийг босгох нь маш хэцүү бөгөөд асар их ур чадвар шаарддаг. Хүн төрөлхтний ирээдүйн төлөө хамтдаа бүтээн байгуулах нь бидний Кеннедийн сургуульд хийхийг зорьж буй гол зорилго билээ.
ТАТАР МАЙДАР






Нийгэм




