АНУ болон БНХАУ-ын өндөр түвшний албан тушаалтнууд Нью-Йорк хотноо нууц үе шаттай хэлэлцээрийг эхлүүлсэн байна. Тус уулзалт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нарын Вашингтон хотноо хийхээр төлөвлөж буй түүхэн дээд хэмжээний уулзалтын суурийг тавих, худалдааны дайн болон шинэ технологийн зөрчлийг намжаах гол зорилготой аж.
Хэлэлцээрт АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифөн нар оролцож байгаа бөгөөд Манхэттэн дэх "JPMorgan Chase" банкны төв байранд хаалттай хаалганы цаана өрнөж байна. Уулзалтын гол зорилго нь Дональд Трамп Ши Жиньпинтэй уулзахаасаа өмнө бэлэн болсон гэрээний төслүүдэд шууд "дэмжих эсвэл татгалзах" шийдвэр гаргахад туслах, тодорхой хэдэн асуудлаар дундын хувилбарыг олоход чиглэж байна.
Хэлэлцээрийн ширээний ард дараах гурван гол асуудлыг хөндөж байна:
- Нэгдүгээрт, Хиймэл оюун ухаан (AI) нь хоёр орны технологийн өрсөлдөөний шинэ тулааны талбар болоод байна. Хятадын нээлттэй эхийн AI загварууд (open-weight models) хямд өртөгтэй тул Америкийн компаниудын сонирхлыг татах болсон ч АНУ-ын засаг захиргаа технологийн системүүдээ бүрмөсөн тусгаарлахгүйгээр, аюулгүй байдлын "хамгаалалтын хаалт" тогтоохыг зорьж байгаа юм.
- Хоёрдугаарт, хоёр улсын хооронд байгуулсан худалдааны гал зогсоох түр гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 10-нд дуусгавар болох тул түүнийг сунгах асуудлыг ярилцаж байна.
- Гуравдугаарт, АНУ-ын импортын тарифын асуудал бөгөөд Хятадын талаас Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтыг жилд 17 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх, мөн "Boeing" компаниас 200 гаруй агаарын хөлөг худалдаж авах өмнөх амлалтуудын биелэлтийг эргэн харна.
Эдгээр яриа хэлэлцээ нь сүүлийн 16 сарын хугацаанд Европ, Азийн хотуудад үргэлжилсэн уулзалтуудын үргэлжлэл бөгөөд хоёр гүрний эдийн засгийн харилцааны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




