АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "CNN", "MS NOW", болон "Politico" зэрэг тус улсын хэвлэл мэдээллийн хамгийн том гурван агентлагийн сэтгүүлчдийг Цагаан ордонд нэвтрэхийг "нэн даруй" хориглох шийдвэр гаргаснаа өөрийн "Truth Social" сошиал хуудсаар дамжуулан бахархалтайгаар зарлалаа. Тэрээр эдгээр хэвлэлийн сувгуудыг засаг захиргааных нь талаар байнга зохиомол, худал хуурмаг зүйлс нийтэлж байна хэмээн буруутгаж, "Цаашид өөр сувгуудад ч ийм хориг тавьж магадгүй" гэж сүрдүүлсэн нь олон улсын анхаарлын төвд байна.
Нөхцөл байдал Трампыг мэдэгдэл хийсний дараа улам хурцадсан бөгөөд Бямба гарагийн өглөө "CNN"-ийн Бетси Клайн, "MS NOW"-ийн Акайла Гарднер, "Politico"-гийн Шейен Хаслетт нарын сурвалжлагчдыг Цагаан ордон руу нэвтрүүлэлгүй, нэвтрэх үнэмлэхийг нь хураан авч, идэвхгүй болгосон байна. Энэхүү үйл явдлыг АНУ-ын Хэвлэл мэдээллийн сурвалжлагчдын холбоо болон хуульчид Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөөр хамгаалагдсан "үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд" халдсан илэрхий хууль бус үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд хоригт өртсөн агентлагууд шүүхэд хандахаа мэдэгджээ. Харин Трамп Зууван тасалгаанд Bloomberg-ийн сэтгүүлч түүнээс хэвлэлийг айлган сүрдүүлэх гээд байна уу гэж асуухад "Үгүй, би зүгээр л та нар шиг шударга бус хэвлэлд дургүй" гэж хариулсан байна.
Олон улсын хэвлэлүүдийн онцолж буйгаар, Трамп өмнө нь ч хэвлэлийнхэнтэй ийм дайн зарлаж байсан түүхтэй. Тэрээр өнгөрсөн жил "Associated Press" (AP) агентлагийг Мексикийн булангийн нэрийг өөрийнх нь заавраар "Америкийн булан" гэж өөрчилж бичээгүйн төлөө Цагаан ордонд нэвтрэхийг нь мөн хориглож байсан бөгөөд уг асуудал одоог хүртэл шүүхийн шатанд явж байгаа аж. Тус улсын хэвлэл мэдээллийн экспертүүд болон "The New York Times", "The Washington Post" зэрэг бусад томоохон сонинууд Трампын энэхүү шийдвэрийг сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх замаар чөлөөт хэвлэлийг хавчин боогдуулах гэсэн ардчилалд аюултай алхам хэмээн эрс буруушааж, нэгдэж байгаагаа илэрхийлээд байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад


