Иргэн Н-ээс Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралтын (хагас, бүтэн сайн) өдрийг хасаж тооцсон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хасаж тооцсон 34 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчээс “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7.1-д жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 120 хоногоор олгохоор заасан бөгөөд хуулийн шинэчилсэн найруулгад “ажлын өдрөөр” гэсэн үг байхгүй, хуанлийн 120 хоногоор бүхэлд нь олгох ёстой байтал амралтын өдрүүдийг хассан нь хууль бус” гэж, хариуцагчаас “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль болон холбогдох заавар, зөвлөмжийн дагуу тэтгэмж бодох сарын дундаж цалинг хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдөр болох 21 өдөрт хувааж, олговол зохих ажлын өдрөөр үржүүлэн боддог. Нийт хуанлийн 120 хоногоор (сар бүрийг 30 хоногоор) тооцсон ч сарын дундаж цалинг 30-д хувааж тооцоход гарч буй дүн нь ажлын 21 өдрөөр тооцсон дүнтэй тэнцүү буюу даатгуулагчийн эрх ашиг зөрчигдөөгүй” гэж тус тус маргадаг.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно" гэж заасан нь хууль тогтоогчоос уг тэтгэмжийг ажлын өдрөөр тооцон олгох агуулгыг илэрхийлж байна. Хэрэв хуанлийн 120 хоногоор бүхэлд нь шууд тооцох байсан бол баярын өдрийг ажлын өдөртэй адилтган тооцох зохицуулалтыг хууль тогтоогчоос тусгайлан зохицуулах шаардлагагүй байжээ.
Хариуцагч байгууллага нь даатгуулагчийн сүүлийн 12 сарын орлогыг сарын дундаж цалин хөлсийг ажлын 21 хоногт хуваан өдрийн цалинг тогтоож, тухайн хугацаанд ногдох ажлын өдрөөр үржүүлэн тооцсон нь хууль болон холбогдох дүрэм журам, зааварт нийцсэн байна.
Хуанлийн 30 хоногоор тооцож бодсон тооцоолол болон сарын ажлын 21 өдрөөр тооцсон тооцоолол хоёр нь эцсийн олгох дүнгээрээ ижил дүнтэй гарах тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүхээс дүгнэж, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэхүү хураангуй тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба шүүхийн шийдвэрийн үндэслэлийг танилцуулах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
ТОЙМ БЭЛТГЭСЭН: НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ Э.АЗБАЯР
АДМИН







Нийгэм




