Саудын Арабын Малхам хотноо зохион байгуулагдсан "Олон улсын шонхор шувуу, ан агнуурын үзэсгэлэн 2026"-ын хүрээнд болсон дуудлага худалдаагаар Монгол шонхор шувуу 1.4 сая Саудын риалаар (ойролцоогоор 373,000 ам.доллар) зарагдаж, тус үзэсгэлэнгийн түүхэн дэх хамгийн үнэтэй шувуу боллоо.
Баасан гарагийн орой болсон 5 дахь өдрийн дуудлага худалдааны үеэр гурван залуу идлэг шонхор (saker falcon) нийт 1.651 сая риалын үнэд хүрсэн бөгөөд үүний бараг 85 хувийг зөвхөн Монгол шонхор шувуу дангаараа бүрдүүлжээ. Тухайн үдшийн дуудлага худалдааг нээж эхний залуу идлэг шонхор 151,000 риалаар, удаах шувуу нь 100,000 риалаар тус тус зарагдсан байна. Үүний дараа олон улсын сонирхогчдын анхаарлыг хамгийн их татсан Монгол шонхор шувууны үнэ хаялцуулах ажиллагаа 100,000 риалаас эхэлж, улмаар 1.4 сая риалд хүрч дуудлага худалдааны шинэ дээд амжилтыг тогтоосон юм.
Уг үзэсгэлэнг Саудын Шонхор шувууны клубээс "Бүх нийтийг зорих цэг" уриан дор зохион байгуулсан бөгөөд Монгол шонхорт зориулсан тусгай хэсгийг хоёр дахь жилдээ дараалан гаргаж байгаа юм. Монгол идлэг шонхор шувуу нь биеийн хэмжээ том, далавчны дэлгэц урт, тэвчээр хатуужил сайтгайн дээр цайвраас бараан хүрэн хүртэлх гоёмсог зүстэй байдаг нь шонхор шувуу сонирхогчдын анхаарлыг татах гол шалтгаан болдог байна.
Монгол Улсын Засгийн газраас Арабын орнуудад соёлын болон тусгай зориулалтаар гаргах идлэг шонхор шувууны нийт квотыг жил бүр 350-аас 400 хүртэл толгой байхаар тогтоодог.
Жишээлбэл, сүүлийн жилүүдийн албан ёсны квот:
-
2025 онд: 395 хүртэл толгой
-
2026 онд: 399 хүртэл толгой
Гэхдээ энэ тоо нь зөвхөн Саудын Араб биш, Персийн булангийн Персийн булангийн орнууд болох Кувейт, Катар, Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ), Саудын Араб зэрэг хэд хэдэн улсад хуваарилагддаг нийт дүн юм
"International Wildlife Consultants" байгууллагын албан ёсны бүртгэлээр Саудын Араб улс 1997 оноос хойш Монгол Улсаас хууль ёсны дагуу нийт 116 орчим шонхор шувуу импортолсон гэсэн тоо байдаг. (Бусад Арабын орнууд болох АНЭУ, Катар руу илүү олон тоогоор гардаг).
Монгол Улсад нэг идлэг шонхор шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 26.1 сая төгрөг (төлбөр хураамж нь үүний 80-90 хувь) гэж тогтоосон байдаг. Харин Саудын Арабын дуудлага худалдаанд очсон хойноо чанар, зүснээсээ хамаарч хэдэн зуун саяас 1.8 тэрбум төгрөг (1.4 сая риал) хүртэл үнэд хүрч байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм



