Энэ хүүг Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн уугуул Одсүрэнгийн Өсөхбаяр гэдэг. Уул, ус, ургамал ногоо нь тэгширсэн сайхан газар нутагладаг, хорин настай хонгор зүстэй тэрээр хонин сүргийн бэлчээр дээрээ цэргийн зарлан дуудах хуудсаа хүлээн авч догдлон суугаа нь энэ.



Өмнө нь цэргийн албанд мордох хүсэл дүүрэн байсан авч аймгийнхаа Политехникийн коллежид суралцаж байсан учир арга буюу 2 жил өнжжээ. Хүүгийн аав, ээж хоёр өнгөрсөн жил хүүгээ цэрэг татлагад явах сургаар тангаргийн баяраар нь өмсөх дээлээ хүртэл зэхчихсэн байсан ажээ. Энэ жил ч бас ууган хүүгийнхээ хамт сэтгэл нь баясаж хамтдаа хөөрцөглөнө.


О.Өсөхбаярын ээж Д.Бурмаа: “Цэрэг хувцас өмсөж цэцэн буу мөрлөсөн жагсаалын цэрэг болон зогсохыг нь л харах миний хамгийн том хүсэл мөрөөдөл дөө”... гэж хэлж зогсоно. Туурга тусгаар эх оронтой, эх орноо хамгаалах эр цэргийг төрүүлсэн ээж хүний хүслэн ямар ч хэмжүүр, шалгуураар үнэлэгдэхгүй нь энэ биз...
Ийнхүү буйдхан хөдөөгийн цан цавцайсан, манан хөглөрсөн намрын адаг сарын шинэхэн өглөө Хорьдол сарьдгийн хормой Шишгэдийн голын хөндийгөөс хайртай бүхнийхээ хүсэл ерөөлийг өвөртлөөд хоймор нутгийн эгэл малчин ардын хүү цэргийн албанд татагдахаар мордлоо.





Түүний ямар ангид хуваарилагдсан эсэх, цэргийн анхан шатны сургалт бэлтгэлийн явц, эх орон, төр, ард түмэндээ үнэнчийн баталгаа болсон цэргийн тангарах өргөх ёслолын үеэр эргэн уулзацгаая.
АДМИН





Нийгэм




