Уул уурхайн салбарын аварга "Рио Тинто" (ASX: RIO) компани 2026 оны III улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа. Тайланд дурдсанаар, тус компанийн Монгол Улсад урт хугацаанд ажиллуулж буй Оюу-Толгой зэс, алтны уурхайн зэсийн үйлдвэрлэл 29 хувиар (ойролцоогоор 30%) өссөн үр дүнтэй гарчээ.
Чили улсад болсон үерийн улмаас тус улсын зэсийн үйлдвэрлэл саатаж, үүний нөлөөгөөр зэсийн үнэ сүүлийн нэг сард +5.5%, сүүлийн нэг жилд +32%-иар өсөөд байгаа билээ. Тэгвэл Оюу-Толгойн энэхүү өсөлтийг зах зээл маш таатайгаар хүлээн авах хүлээлттэй байна.
Гэвч нөгөө талдаа, энэ улиралд дизель түлшний үнийн өсөлт болон Австрали долларын (AUD) ханшийн сулралт нь компанид дарамт болжээ. Харин Ойрхи Дорнодын мөргөлдөөний компанид үзүүлэх нөлөө "хязгаарлагдмал" байгааг Рио Тинто онцолсон байна. Тайланд Баруун Австралийн Пилбара бүс дэх төмрийн хүдрийн олборлолт сайн байгааг дурдсан ч Сингапурын бирж (SGX) дээр төмрийн хүдрийн үнэ нэг тонн нь 90 ам.доллар хүртэл буурсан тул хөрөнгө оруулагчид төмрийн хүдрээс илүү Оюу толгойн зэсийн үр дүнг илүү сонирхох нь гарцаагүй юм.
(Гэхдээ Оюу-Толгойг оролцуулаад Рио Тинтогийн хэмжээнд зэсийн эквивалент үйлдвэрлэлийн өсөлтийг жилийн эхнээс (YTD) авч үзвэл дөнгөж ~1%-ийн өсөлттэй байгаа бөгөөд үүнд Пилбара дахь төмрийн хүдрийн нөлөө оржээ.)
Гвиней дэх "Симанду" төсөл Баруун Австралийн хамаарлыг бууруулна
БНХАУ-ын төрийн өмчит компаниудын хүчтэй дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Гвиней улс дахь "Симанду" (Simandou) төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Хятад улс нь Австралийн төмрийн хүдрийн хамаарлаа бууруулахыг зорьж буй бөгөөд "Симанду" төслийн үйлдвэрлэлийн хурд III улиралд жилийн 10 сая тоннд (Mtpa) хүрсэн байна. Рио Тинто тус төслийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2028 оны хоёрдугаар хагас гэхэд жилийн 60 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ.
Лити, Хөнгөн цагаан болон бусад түүхий эдийн зах зээл
Компани хөнгөн цагааны үйлдвэрлэлийг тогтвортой гэж тодорхойлсон бол литийн үйлдвэрлэл жилийн эхнээс (YTD) 33%-иар өсжээ. Хэдийгээр энэ сард карбонатын фьючерс үнэ бараг -20%-иар унасан ч литийн үнэ өнгөрсөн оны мөн үеэс 50%-иар өндөр хэвээр байна. Хятад болон АНУ-д цахилгаан автомашины (EV) татаас хумигдаж байгаа ч "том оврын батерей" буюу Эрчим хүчний хадгалалтын системүүд (BESS) нь өнөөгийн эрин үед литийн эрэлтийг хөдөлгөгч гол хүч болж байгааг Рио Тинто Лхагва гарагт мэдээлсэн юм.
Зах зээлийн бусад төлөв байдлыг авч үзвэл, Хятадын дотоодын төмрийн хүдрийн үйлдвэрлэл үерийн улмаас энэ улиралд -8%-иар буурчээ. Зэсийн баяжмалын нийлүүлэлт хомс хэвээр байгаа ч хүхрийн хүчлийн өндөр үнэ нь хайлуулах үйлдвэрүүдэд дагалдах бүтээгдэхүүнээ борлуулж ашиг олох боломжийг олгож байна. Мөн дэлхийн хөнгөн цагааны зах зээл алдагдалтай (эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан) хэвээр байна.
ТАТАР МАЙДАР





Эдийн засаг




