Австралийн энэ алдартай хотын хоол шүүмжлэгчид болох Росс болон Расс (Ross and Russ) нарын 3AW - Melbourne радиод өгсөн яриаг Zogii.mn орчуулан хүргэж байна.
Мельбурн хотод амьдарна гэдэг нь дэлхийн өнцөг булан бүрийн амттан, хоолны "гуулин сан" яг таны хаяанд байна гэсэн үг юм. Өглөө нь Итали маягийн гудамжны кафенд кофе ууж, өдөр нь Этиопын амьд халуун уур амьсгалтай ширээний ард тухалж, орой нь Хятад үндэсний амтлаг хоолыг нэг өдрийн дотор амтлах боломж өөр ямар хотод байх билээ?
Гадаад паспорт эсвэл урт нислэгийн ядаргаа огт хэрэггүй — зүгээр л хот дотуураа машинаар багахан давхихад л хангалттай!
Миний хамгийн сүүлийн хоолны хүсэл намайг Мельбурн хотын хамгийн анхны Монгол хоолны газар болох "MGL Mongolian Restaurant" руу шууд хөтөлсөн юм. Блэкбөрн (Blackburn) дүүргийн төмөр замын дагуух нам гүм гудамжинд байрлах тус ресторан нь нэгэн цагт Чингис хааны цэргийг тэжээж байсан тэрхүү хүчирхэг, элбэг тэжээллэг хоолны соёлыг түгээх гэнэтийн бөгөөд өвөрмөц газар шиг санагдана. Дотогш орвол тухтай хоолны танхимыг тод, өнгөлөг дарцаг болон Буддын шашны уламжлалт сүмийн хээ угалзаар чимэглэсэн байв.
Рестораны эзэн Шүрэнчимэг нь 2024 онд Улаанбаатар хотоос Мельбурн руу нүүж иржээ. Эх орныхоо хоолны амтыг маш их санагалздаг байсан тул тэрээр Мельбурн хотынхонд жинхэнэ Монгол үндэсний амтлаг, тухтай хоолыг танилцуулахаар энэ оны эхээр "MGL" ресторанаа нээсэн байна. Тэрээр англиар маш бага ярьдаг ч дижитал QR-кодоор захиалга өгөх систем болон англи хэл дээрх цэс нь хоол захиалахад маш хялбар болгож өгдөг байна.
Бидний хоолны аялал уламжлалт хийцтэй цай бүхий буцалж буй тогооноос ($58.00) эхэлсэн юм. Монголын нүүдэлчин соёлд зочиддоо ийм цай барих нь зочломтгой зан чанарын хамгийн дээд илэрхийлэл болдог билээ. Өрнөдийн чихэрлэг цайг бодвол энэ нь цайнаас илүү өтгөн сүү давамгайлсан, давслаг амттай ундаа юм.

Тогоонд эхлээд шар тос хайлуулаад, дараа нь бусад дагалдах зүйлсийг хийж буцалгана: ааруул, хуурсан шар будаа, боорцог, өрөм зэргийг хийнэ. Цайндаа хийсэн зүйлс нь зөөлөрч ирэхэд энэ нь бараг л шөл шиг өтгөн, амттай хоол болон хувирах бөгөөд заавал амсаж үзэх үнэ цэнтэй зүйл юм.
Үндсэн хоолнуудыг бид хуушуураар (Khuushuur $24.80) эхлүүлэв. Энэ нь шүүслэг үхрийн татсан махаар шанцалж, тосонд хайрсан уламжлалт Монгол махтай пирожки юм. Дээр нь халуун чили тос дусааж идвэл хазалт болгонд маш өвөрмөц, халуун оргисон амт нэмдэг байна.

Дараа нь ууранд жигнэсэн хонины махтай банш буюу бууз (Buuz $22.80) ирлээ. Монгол орны мал аж ахуйн өв соёлтой холбоотойгоор тэдний уламжлалт хоолонд хонь, ямааны мах голчилдог байна. Зузаан, гараар зуурч элдэж хийсэн гурилтай, цуу болон чилигээр амталж өгдөг энэхүү бууз нь бидний сайн мэдэх Японы гёза (gyoza) эсвэл Хятад баншнаас тэс өөр, маш өвөрмөц хүчтэй амтыг мэдрүүлнэ. Хэрэв хүсвэл нэмэлт төлбөр төлөөд халуун шөлтэй банш (Банштай шөл $28.00) захиалж болно.

Бид хоолоо Үхрийн махтай будаатай хуургаар ($22.80) өндөрлүүлэв. Энэ хоол нь Монголын хүйтэн тал нутагт ходоод дулаацуулах хамгийн шилдэг хоол гэлтэй. Зөөлөн бөгөөд амттай үхрийн махны шөлийг агшаасан будаа, өрөм шиг зөөлөн нухсан төмсөн дээр тавьж, хажууд нь хоолны хүнд, тослог амтыг тэнцвэржүүлэх шинэхэн байцаа, луувангийн даршилсан салатаар хачирлажээ.
Одоо би өөрийн хоолны соёлын паспорт дээрээ "Монгол хоол" гэсэн тамгыг албан ёсоор дарж чадахаар боллоо — үүнийг амсахын тулд Хятадын Цагаан хэрмийг ч давах шаардлага гарсангүй. Мельбурн хот гэдэг үнэхээр гайхалтай газар юм шүү!
Уг монгол зоогийн газрын нэр нь MGL Mongolian Restaurant хаяг нь Мельбурн хотын 15 Blackburn Rd, Blackburn гудамжинд байх ажээ.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




